
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар одоогоос 12 жилийн өмнө буюу 2014 онд анхлан хэрэгжиж эхэлсэн “Оюутан-цэрэг” цэргийн мэргэжил олгох сургалтын хөтөлбөр эхэллээ. Тодруулбал, оюутан цэрэг татлага Монгол Улсын хэмжээнд 2026 оны зургадугаар сарын 15-ны өдөр албан ёсоор эхэлсэн юм. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд нийт 1,993 оюутан, суралцагч тус хөтөлбөрт хамрагдаж байгаа аж. Үндсэндээ, дээд боловсролын сургалтын байгууллагын I, II, III дамжааны оюутнуудыг цэргийн мэргэжил олгох шатны сургалтад хамруулахаар Үндэсний батлан хамгаалахын их сургууль болон Зэвсэгт хүчний арван ангид хүлээлгэн өгчээ.
Оюутан залуусыг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, батлан хамгаалах бэлтгэл үүргийг хангуулах зорилготой уг сургалт нь ирэх наймдугаар сарын 11-ний өдрийг хүртэл нийт 56 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тэдэнд 560 цагийн хичээл, сургалтыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах юм.
Тухайлбал, 56 хоногийн хугацаанд цэргийн дүрмийн дагуу хатуужил сууж, тактик, галт зэвсэгтэй ажиллах арга техник, бие бялдар болон сэтгэл зүйн тусгай бэлтгэлүүдийг эзэмшин, хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ нэр төртэйгөөр биелүүлэхээр ийнхүү албандаа мордлоо.
Дашрамд дурдахад, “Оюутан цэрэг” хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 10 мянга гаруй оюутан, суралцагч хамрагдсан бол энэ онд хөтөлбөрийн жилийн квотыг нэмэгдүүлж 2000 оюутан, суралцагчийг хамруулах юм. Мөн "Оюутан цэрэг" хөтөлбөрт зөвхөн I дамжааны оюутнууд хамрагддаг байсан бол өнгөрсөн онд Батлан хамгаалах яамнаас журамд өөрчлөлт оруулснаар II болон III дамжааны оюутнууд хамрагдах боломжтой болсон юм.


Сэтгэгдэл байхгүй байна