• Эхлэл
  • Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслүүдийг зэрэглэлд хувааж, ангиллыг тодорхой болголоо

Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан төслүүдийг зэрэглэлд хувааж, ангиллыг тодорхой болголоо

2026/07/24

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсан.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын  хорооны 2025 оны 19 тоот тогтоолоор байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга ажлын хэсгийн ахлагчаар, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, Г.Ганбаатар, С.Замира, Ц.Мөнхбат, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа нар ажилласан юм. 

Төслийн нөлөөллийн ангилал, зэрэглэлийг тодорхойлов

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Байгаль орчныг нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хавсралтаар энэ чиглэлийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний төслийн ангиллыг хатуу тогтоосныг өөрчилж, үнэлгээ хийх төслийн ангиллыг Засгийн газар батлахаар уян хатан болгосон.  Уг журам, ангилалд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой зохицуулалт, үнэлгээний шинжилгээний арга, хянан магадлагаа, олон нийтийн оролцоо, ерөнхий үнэлгээ хийх харьяалал, биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах, байгаль орчны үнэлгээний нэмэлт тодотгол, нийгмийн нөлөөллийн болон эрүүл мэндийн үнэлгээний талаарх зохицуулалтыг тусгасан.

Ингэснээр уг хуулийн хавсралтад дурдсан бүх төсөлд ижил материал бүрдүүлж, үнэлгээ хийх шаардлага үүсдэг байсныг өөрчилж, олон улсад баримталдаг төслийн шаталсан зарчим буюу төслийг байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, цар хүрээ, төсөл хэрэгжих газар нутгийн байршил, хүчин чадлыг харгалзан зэрэглэл I, II, III болгон хувааж, төслийн ангиллыг тодорхой болгожээ.

Мөн зэрэглэл I төсөлд 5 жил, зэрэглэл II төсөлд 10 жил тутамд, зэрэглэл III төсөлд шаардлагатай тохиолдолд нэмэлт тодотгол хийж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг зэрэглэл III төсөлд 10 хүртэлх жилийн хугацаагаар, зэрэглэл IIIтөсөлд хийх шаардлагагүй байхаар тусгав. Үүний үр дүнд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх төсөл 26 хувь, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлтээр нөхцөл болзолтой хэрэгжүүлэх төсөл 3 хувь, иргэн аж ахуйн нэгж өөрөө төслийн мэдээллээ байгаль орчны мэдээллийн санд шалгах хуудсын дагуу илгээснээр үнэлгээ хийлгэх шаардлагагүй төсөл 31 хувь болж, ангилал буурах юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна