• Эхлэл
  • ОХУ-ын муж Монголоос дизель түлш гуйлаа гэж үү?

ОХУ-ын муж Монголоос дизель түлш гуйлаа гэж үү?

2026/07/31

Сар гаруйхны өмнө буюу энэ оны 6 дугаар сарын 25-ны өдөр Байгал нуурын Транс-Байкалийн нутаг дэвсгэрийн төлөвлөлт, хөгжлийн яамнаас Монгол Улсаас Улаан-Үдэд суугаа Ерөнхий консулд хандаж “Монголоос дизель түлш худалдан авах сонирхолтой байна. Боломжтой бол найдвартай түнш олоход тусална уу” гэсэн утгатай бичиг В.С.Эксузян сайдаас ирүүлжээ. ОХУ-ын Засгийн газар биш, зах хязгаар нэг мужаас ойрхон байрладаг хөршдөө ирүүлсэн хүсэлт боловч сонирхолтой дохио биш гэж үү? Манайд тэр дизель түлш нь байхгүй л дээ. Гэхдээ манайд илүү хямдхан, тэднийд тийм хомсдолтой байна шүү гэдгийг илэрхийлэх гэсэндээ энэ бичгийг сонирхсон юм.

Харин манай Засгийн газар, салбарын сайд энэ талаар ганхийгээгүйг бодоход хөршийнхөө нэр нүүрийг бодсон уу, хөрш нэгэн мужийн л хаяа дэрлэх нөхдөөсөө тусламж хүссэн хэрэг гэсэн биз.

att.AqSrwoiXBejwa2omf76AN-3HM55FcR3TuTaUETQ9-Gs

ОХУ-ын Эрчим хүчний сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд бүх түвшинд агаарын хөлгийн түлштэй холбоотой нисэхийн байгууламжийн талаар хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээр хийсэн. Үүний хүрээнд Монголын талд ашигтай, нөхцөл байдлыг зөөлрүүлсэн байдлаар хэлэлцээр хийж дуусгаад өнгөрсөн 6 дугаар сард УИХ-аар баталгаажуулсан. Үүний үр дүнд бусад улсад экспортод тавьсан хоригт Монголыг хамааруулаагүй.

Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн 4 дүгээр сард нэг баррель нефтийн үнэ 138 ам.долларт хүрлээ. Энэ үед зөвхөн дизель түлш л гэхэд 1385 ам.доллар хүртэл өсөв. Гэтэл Монгол Улс л автобензинийг тогтвортойгоор буюу 705 ам.доллараар авч байсан. Сүүлд энэ сарын эхээр үнэ өсөх нөхцөл үүсэхэд Монгол Улс ОХУ-д хандаж “Дотоодын зах зээлийнхээ үнээр өгөөч” гээд Г.Дамдинням сайд гуйв. Хариуд нь 705 ам.доллараа жаахан өсгөөд “800 ам.доллараар ав” гэжээ.

Монголоос бусад улсад 1300 ам.доллароор экспортолсон. Гэтэл урд хөрш тэр үед “Евро-5” шатахуунаа 1950 ам.доллароор худалдан ав гэдэг санал өгч байлаа. Ингээд яг тэр үед Монгол л ОХУ-аас “Евро-2”-ыг 800 ам.доллар, “Евро-5”-ыг 1000 ам.доллароор ОХУ-аас экспортолж байлаа гэж...

Үүнийг муу хэлцэл гэх үү? Дэндүү эрхэлчихсэн байгаа биз дээ. Яагаад гэвэл Оросын ард иргэд “Бид яагаад үйлдвэрлэгч улсын иргэд байж тэр Монгол руу экспортлоод байгаагаас чинь өндөр үнээр шатахуун худалдаж авч байгаа юм бэ” гээд бухимдаж байсныг тус улсын хэвлэлүүд нийтэлж л байсан. Энэ бол хойд хөршөөс манайд үзүүлсэн үгүйсгэх аргагүй бодит дэмжлэг мөн. Мэдээж энэ дэмжлэг аяндаа бий болчихоогүй, Монголын Засгийн газар, салбарын сайдын ажлын үр дүн гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй.

Г.Дамдинням сайд хаачив буюу “АИ-92 яанаа” гэцгээж байтал онгоцны түлш дуусч байжээ

Засгийн газрын халуун цэг дээр суугаа салбарын сайдыг нүд цавчилгүй ажиглаж, хаачив гэж хайж, сураглаж байгаа нь олон нийтийн буруу биш. Үнэхээр өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа зарим ААН-ийн төлөөллийн хамт БНСУ-ыг зорьжээ. ОХУ онгоцны түлшний хувьд дотоодын хэрэгцээгээ хангаж чадахгүй байна гээд манайд өгөхгүй байгаа учраас нөөц нэлээд багассан. Тиймээс бусад улсад хүсэлт тавьж эхэлснээр БНСУ-аас 8000 тонн, БНХАУ-аас 3000 тонн онгоцны түлш авахаар зөвшөөрөл авчихаад байгаа аж.

Хятадаас эхний 1000 тонн онгоцны түлш маргааш Эрээнд буух бололтой. БНСУ-аас 8000 тонн онгоцны түлш авахаар хэлэлцээр амжилттай болж байгаа сурагтай. Үнийн хувьд дэлхийн зах зээл дээр онгоцны түлш багадаа 1250 ам.доллар, ховордохоороо 2000 ам.доллар хүрч байгаа ч Монгол Улсад 1000 ам.доллароор тохирч юу юугүй ачуулах гэж байгаа бололтой. Хэдийгээр Азербайжан, Тажикистан улсуудаас трейдеруудаар дамжуулж санал тавьж байгаа ч үнэ 2600 ам.доллар орчим байгаа юм.

Солонгосоос шатахуунаа авъя л даа, онгоцонд хэдэн тонн багтах вэ?

Тээвэрлэлт, логистикийн үнэ Хятадаас вагоноор, Солонгосоос тусгай онгоцоор авахад асуудалгүй. Харин Хятадын боомтууд дээр савны олдоц муу байгаа аж. Өөрөөр хэлбэл, Тяньжинаас гадна хэд хэдэн боомтоор усан онгоцноос сав руу буулгаад, савнаас вагоноортээвэрлэнэ. Дор хаяж 10-20 мянган тоннын сав өнөө маргаашгүй шийдэгдэнэ. БНСУ-аас шатахуун авъя гэж олонтаа ярьж байсан.

Нээрэн, нэг удаа хэдэн тонныг онгоцоор авчирдаг бол? БНСУ-аас тээвэрлэх дундаж хэмжээ 50 мянган м.куб. Бидний авах хэмжээ 5000-10000 м.куб. Жижиг сав ховор байдаг ч Монголын сайд Г.Дамдинням 20000 тоннын шатахууны сав олоод авч. Хөөрхийлөлтэй ч юм аа даа. Энэ савандаа 6000-8000 тонн онгоцны шатахуунаа буулгаад тээвэрлэнэ.

Өнөөдөр “Роснефть”-д АИ-92-ын талаар хоёр хүсэлт тавьжээ

Хамгийн анхаарал татсан, амархан хомсддог АИ-92-ын хувьд мөн л БНСУ, БНХАУ-тай хэлцлүүдээ үргэлжлүүлсээр байна. БНХАУ-аас 6000 тонн АИ-92 болон АИ-95 авахаар баталгаажсан ойрын хоёр өдөрт ачилт эхэлнэ. ОХУ-ын хувьд өнөөдөр ЭСЯ-ны холбогдох албаныхнаар уламжлан “Роснефть”-д хандаж АИ-92-ын талаар хоёр хүсэлт тавьсан байна. Тэр нь юуны өмнө энэ сард тус улсаас 47 мянган тонныг авах захиалгатай байснаас 6000 тонн дутуугаа яаралтай ачуулах, мөн ирэх 8 дугаар сарын захиалгаас эхний 10 хоногт 50 вагон цистернээс доошгүй ачилт багассаныг яаралтай нөхөхийн тулд 10 хоног тасралтгүй 50 вагоноос дээш хэмжээний ачилтыг “Роснефть”-ээр гүйцэтгүүлэх, мөн БНХАУ-аас захиалгаа богино хугацаанд татахаар ажиллаж байна.

ОХУ-ын тал өөрийн нөхцөл байдлаас шалтгаалж манай хэрэгцээг 100 хувь хангах боломжгүй гэдгээ илэрхийлж буй. Өнөөдрийн байдлаар АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 31 мянган тонн буюу 15 хоногийн нөөцтэй, дизель түлш 80 мянган тонн буюу 20 хоногийн нөөцтэй байна. Ийм нөхцөл үүсэх бүрт “Үнийг чөлөөл”, “Лицензийг хүссэн бүхэнд олго” гэцгээдэг.

Үнэ чөлөөлбөл юу болох вэ? Лицензийг задгай тараавал юу болох вэ?

Газрын тосны бүтээгдэхүүн бол инфляцид өндөр нөлөө үзүүлдгээс гадна нөгөөтэйгүүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний өссөний дараа инфляц дагаж буурна гэдэг ойлголт Монголд л лав байдаггүй. Хэрэв үнэд төр оролцдоггүй бол дизель түлшний үнэ 2600 төгрөгөөр нэмэгдэх байсан. Төрөөс татварыг бууруулж, үнийг 800 төгрөгөөр л нэмэх хязгаарлалт хийсэн. Хэрэв тэр үед дизель түлш 6600 төгрөгт хүрсэн бол өнөөдөр өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлт хэдэн хувьтай байх байсан бол? Хамгийн эрсдэлтэй нь хадгалалт, тээвэрлэлтийн хувьд аюултай.

Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтэй ААН-ийн тоо 200 орчим байгаа нь бараг л “хэн дуртай нь” оруулж ирээд байгаа хэрэг биш гэж үү? Эдгээрээс 20-30 компани л импорт хийж чаддаг. Бусад нь салбарыг сонирхсондоо, ам хэлцэл, гэрээ хийсэн, санхүүгийн баталгаа гаргаж чадсан, бусдаас агуулах, нөөцийн сав түрээсэлсэн гэдгээрээ тусгай зөвшөөрөл авсан байдаг. Гэвч “хэн дуртай” нь хийдэг бизнес биш гэдгийг төдөлгүй амсдаг. Хэрэв тэд бүгд импортолж чаддаг бол хангалт асуудалгүй байхсан.

Газрын тосны үйлдвэрийн талаарх шинэ мэдээ

Газрын тос боловсруулах үйлдвэр 2028 оны эхээр ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Холбогдох, шалтгаалах бүх чагт дэгээг Засгийн газар, УИХ тайлчихсан гэж хэлж болно. ТЭЗҮ-д нь үндэслээд 1.5 сая тоннын хүчин чадалтай үйлдвэр бариад явж байгаа атал олборлолт нь ковид болон үнэ ханш, бүтээн байгуулалтын зардал зэрэг шалтгаанаар эрс багассан, бараг “тоормозлосон”. УИХ-ын чуулганаар энэ оны 6 дугаар сард татварын маргааныг шийдвэрлэснээр хөрөнгө оруулалт, олборлолт нэмэгдэхээр болж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы шийдвэр албажиж гармагц газрын тос олборлогч ААН-үүдээс толгой компани CNPC (China National Petroleum Corporation) группт хандан олборлолтоо нэмэгдүүлэх, үүний тулд шаардлага хөрөнгө оруулалтыг нэмэх шаардлагыг хүргүүлчихээд хариу хүлээж байгаа аж.

Нийтэлийг сайн мэдээгээр төгсгөх сайхан байдаг. Бидний амсаж буй бэрхшээл, хомсдол богино хугацаанд байгаасай, “20-хон сар тэсчих юмсан” гэдэг ерөөлөөр цэг тавья.

2026.07.30.

Нийтлэлч У Оргилмаа 

BAABAR.MN


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна