• Эхлэл
  • ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын батламжаа гардаж авав

ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын батламжаа гардаж авав

2026/09/29

Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын батламжаа гардан авлаа.

Тус газар нь энэ оны зургаадугаар сард Парагвай улсад хуралдсан ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн Олон улсын зохицуулах зөвлөлийн 38 дугаар ээлжит хурлаар ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэгдсэн юм.

ЮНЕСКО-гийн "Хүн ба шим мандал" (MAB) хөтөлбөрийн Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд Монгол Улсын 13 дахь газрыг бүртгэсэнтэй холбогдуулан "ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрууд ба тогтвортой аялал жуулчлал" сургалт, хэлэлцүүлгийг Тост, Тосон бумбын нурууны нөөц газарт зохион байгууллаа. Үүнд БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын Ахлах шинжээч Ц.Мөнхбат оролцож ТХГН-ийн тухай хуулийн хэрэгжилт, бодлого зорилтын тухай илтгэл мэдээлэл танилцуулжээ.

 

Хэлэлцүүлэгт Монгол Улсаас Шим мандлын нөөц газарт бүртгэгдсэн, цаашид бүртгэгдэхээр төлөвлөж буй Богдхан уулын ДЦГ, Увс нуурын ай савын УТХГ, Хустайн БЦГ, Дорнод Монголын ДЦГ, Тосон Хулстайн БНГ, Хөвсгөлийн БЦГ, Хар ус нуурын БЦГ, Их богдын БЦГ, Хөх сэрхийн БЦГ, Отгонтэнгэрийн БЦГ, Тэнгис Шишгэд БЦГ, Ноён уулын ДЦГ, Говь гурван сайхан БЦГ-ын Хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, төрийн албан хаагч, орон нутгийн иргэд нөхөрлөл хоршоод хамрагдаж байна.

 

Энэ үеэр Индонез улсын Шим мандлын нөөц газрын туршлага, БНХАУ-ын аялал жуулчлал хог хаягдлын төлөвлөлт, тогтвортой аялал жуулчлал, залуусын оролцоо сэдвээр санал солилцон, Тост, Тосон бумбын газар нутагтай танилцаж, амжилт, сорилт, түүх гэхчлэн олон талын туршлага мэдээлэл солилцжээ. 

Биологийн олон янз байдал, ховор амьтдын амьдрах орчин, экосистемийн холбоос нутаг Тост, Тосон бумба нь цоохор ирвэсийн гол нутаг, говийн экосистемийн чухал хэсэг, зэрлэг амьтдын нүүдлийн коридор, нутгийн иргэдийн оролцоотой байгаль хамгаалах туршлага зэргийг нэг дор агуулдаг учир ийнхүү сүлжээнд бүртгэжээ.

 

Тост, Тосон бумба нь Монголын говьд цоохор ирвэсийн чухал популяцаас гадна аргаль, янгир, хар сүүлт, шилүүс амьдардаг, хавтгай тэмээ, мазаалай зэрэг нэн ховор амьтдын тархац нутаг юм. Тус нөөц газар нь хойд талаараа Говь гурван сайхан, баруун талаараа Говийн их дархан цаазат газартай залгаа бөгөөд энд хадархаг уулс, хуурай сайр, булаг шанд, баян бүрд зэрэг өөр өөр амьдрах орчин зэрэгцэн оршдог. Заг, сухай болон ховор эмийн ургамлууд тархсан нь говийн биологийн олон янз байдлыг хадгалахад чухал юм. Иймд ЮНЕСКО-д бүртгүүлснээр олон улсын хэмжээнд үнэ цэнтэй шим мандлын нөөц газар гэж хүлээн зөвшөөрч, хамгаалалт, судалгаа, мониторинг, тогтвортой хөгжлийг олон улсын сүлжээтэй холбох ач холбогдолтой юм. 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна