• Эхлэл
  • Ерөнхий сайд эрчим хүчний талаар мэдээлэв

Ерөнхий сайд эрчим хүчний талаар мэдээлэв

2016/01/16

INFOMONGOL.MN

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна

1-р сарын 14-ний УИХ-ын нэгдсэн хуралдааны Засгийн газрын цагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг эрчим хүчний салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

2015 онд Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хөгжлийн суурь болсон дэд бүтэц, ялангуяа эрчим хүчний салбарын шинэчлэл, хөгжилд онцгой ач холбогдол өгч ажиллалаа.

Найдвартай, чанартай бөгөөд боломжийн үнэтэй эрчим хүчээр айл өрх, хувийн хэвшлийг хангах зорилгоор Засгийн газраас дараах 6 чиглэлээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Эрчим хүчний салбарын хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох. 2015 онд эрчим хүчний талаар 3 хуулийг УИХ баталсны дагуу салбар бүрт тохирсон эрчим хүчний стандартыг боловсруулах, нэвтрүүлэх ажлыг эхлүүллээ.

2015 онд УИХ “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ыг баталсны дагуу урт болон дунд хугацааны зорилтот хөтөлбөрүүдээр дамжин хэрэгжүүлж, дунд хугацааны “Эрчим хүчний үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулаад байна.

Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын айл, өрхийн цахилгаан халаагуур хэрэглээг дэмжих зорилгоор төвийн бүсийн гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар бууруулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Одоогийн байдлаар шөнийн цагийн цахилгаан эрчим хүчний үнийн хөнгөлөлтөд 120,000 орчим айл өрх хамрагдаж,  2015 оны 12 дугаар сард шөнийн цагт хэрэглэсэн 17.8 сая кВт.ц /Арван долоон сая найман зуун мянган киловатт цаг/ цахилгаан эрчим хүчинд 1.4 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна.

Эрчим хүчний салбарт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын талаар
Эрчим хүчний шинэ эх үүсвэрийг бий болгох “Багануурын 700/Мегаватт/--ын цахилгаан станц”, “Дулааны цахилгаан станц-5”, “Баруун бүсийн 60 /Мегаватт/--ын дулааны цахилгаан станц”, “Дорнод бүсийн 100 /Мегаватт/-ын дулааны цахилгаан станц”, “Бөөрөлжүүтийн цахилгаан станц”, “Тавантолгойн 450 /Мегаватт/-ын дулааны цахилгаан станц”- төслүүдийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна.
Түүнчлэн Засгийн газар “Эгийн голын усан цахилгаан станц”, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 /Мегаватт/-аар нэмэгдүүлэх”, “Улаанбаатар-Мандалговийн 330 киловольтын 2 хэлхээт цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих” төслийн хөрөнгө оруулалтыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Төв аймгийн төвүүдэд дулааны эх үүсвэр,  дулааны шугам барих төслийг БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Эрчим хүчний салбарын үйлдвэрлэл, үйл ажиллагаа. Эрчим хүчний нэгдсэн системийн хэмжээнд нийт 1,436.7  киловатт цаг цахилгаан эрчим хүч импортоор худалдан авсны 78 хувийг БНХАУ-аас, 22 хувийг ОХУ-аас тус тус импортлосон байна. Эрчим хүчний салбарын үнэ тарифын зохицуулалтын талаар. Эрчим хүчний үнэ тарифт зохих зохицуулалтуудыг хийснээр сүүлийн 10 жилд анх удаа Эрчим хүчний салбар санхүүгийн алдагдалгүй ажиллалаа.


Эрчим хүчний салбарын хувьчлалын талаар. 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалтын дагуу Засгийн газар дулааны хоёр, гурав, дөрөвдүгээр цахилгаан станц болон Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын нийт хувьцаанд төрийн эзэмшил70 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжих, түүнээс орох орлогыг компанийн техник, технологийг шинэчлэхэд ашиглах, Багануур, Шивээ-Овоогийн уурхайн төрийн эзэмшлийн хувьцаа 51 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган Монголын хөрөнгийн биржээр арилжих замаар компанийн нүүрс олборлох хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник, технологийг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.


Эрчим хүчний салбарын гадаад хамтын ажиллагааны талаар. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн Төрийн айлчлалын үеэр “Шивээ-Овоо”-ийн 4800 МВт /Мегаватт/-ын цахилгаан станц, цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийг хүчин чадлыг нь нэмэгдүүлэн 9240 /Мегаватт/ болгох техник эдийн засгийн үндэслэлийг хийж гүйцэтгэх санамж бичиг болон БНХАУ-аас авах 1.0 тэрбум ам.долларын хөнгөлттэй зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү хөнгөлттэй зээлийн хөрөнгийн 85 хувийг эрчим хүчний салбартЭгийн голын 315 /Мегаватт/-ын усан цахилгаан станцын төсөл, Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугам төсөл, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 /Мегаватт/-ын өргөтгөл, шинэчлэлийн төслүүдэд зарцуулахаар Засгийн газар шийдвэрлээд байна. Дэлхийн Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн “Бага орлоготой орнуудын сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр”-т Монгол Улс хамрагдаж, олон улсын байгууллагаас манай улсад хэрэгжүүлэх төсөлд 30 сая ам.долларын буцалтгүй тусламж авахаар болсон. 2016 онд “Хүртээмжтэй эрчим хүч” гэсэн зорилгыг тавьж, бүтээн байгуулалтын МЕГА төслүүдийн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Эрчим хүчний салбар системийн бие даасан байдлыг хангах, томоохон хүчин чадлын эх үүсвэрүүдийг барих ажлыг эхлүүлэх, эрчим хүчний импортын хараат байдлаас гарах, эрчим хүчний нэгдсэн системийг бий болгох ажлыг эхлүүлэх том зорилтыг тавин шинэ оны ажлаа эхлээд байна.

Англи орчуулгыг энд дарж уншина уу. 

Please see the English version here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна