Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
-Үйл явдлын тойм-
Г.Уянга нарын гишүүдийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах санал өнгөрсөн долоо хоногийн гол дуулиан байсан болохоор энэ долоо хоногийн улстөрийн гол үйл явдал ч Засгийн тэргүүнийг асуудлаар үргэлжилж байна.
Учир нь Г.Уянга нарын 19 гишүүний гаргасан Ерөнхий сайдыг огцруулах саналыг өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаанаас хэлэлцэх байсан ч МАН завсарлага авсан.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болоод Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, сайд С.Баярцогт нарын аавд захиа бичсэн уянгын халилтай энэ дуулианыг энэ пүрэв гаригийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм.
Тиймээс УИХ дахь намын бүлгүүдийн өнөөдрийн хурлын сэдэв ч мөн Ч.Сайханбилэгийг огцруулах эсэх тухай асуудал болов.
МАХН-ҮШН-ийн “Шударга ёс” эвслийн бүлэг Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжихгүй гэдгээ аль хэдийнэ албан ёсоор илэрхийлсэн. Зөвхөн УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү нар л бүлгийнхээ шийдвэрээс “сондгойрон” Ерөнхий сайдыг огцруулах санал дээрээ бат зогсоно гэдгээ илэрхийлж буй.
Харин дээрх огцруулах бичигт МАН-ын дөрвөн гишүүн гарын үсэг зурсан. Гэхдээ нэг ч гишүүн нь асуудлыг хэлэлцэх байнгын хорооны хуралдаанд ирээгүй. Бүлгийнхээ албан ёсны байр суурийг илэрхийлээгүй байсан билээ. Тэгвэл өнөөдөр МАН-ын бүлэг Ерөнхий сайдыг огцруулах саналыг дэмжиж буйгаа албан ёсоор илэрхийллээ.
Харин Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайдыг огцруулахыг эсэргүүцнэ гэдэг байр сууриа баталгаажуулсан хэвээр байгаа боловч бүлгийн хуралдааны талаар албан ёсны мэдээлэл хийсэнгүй.
Гэхдээ МАН 26 суудалтай, үүн дээр “чигээрээ” зогсч буйг.Уянга, О.Баасанхүү, Л.Цог болон бие даагч гурвын саналыг нэмээд ч Ерөнхий сайдыг огцруулах саналын хувьд хүрэхгүй. Гэхдээ Ардчилсан намаас “эсэргүү” кноп гаргахыг үгүйсгэх аргагүй. Тийм болохоор МАН-ынхан хэдийгээр Ерөнхий сайдыг огцруулж дөнгөхгүй нь тодорхой ч хуулийн “завсарлагаа”-ныхаа хүрээнд Ардчилсан намтай тохиролцох тоглолт хийх гэж байна ч гэсэн хардлага төрж эхлээд байна.
Тэгэхээр Г.Уянга нарын Ч.Сайханбилэгийг огцруулах санал явцгүй шоу харагдаж байсан бол өдгөө үүн дээр МАН дөрөөлж тоглолт хийх боломжтой боллоо гэсэн санааг улстөрийн хүрээнд ярьж байгаа аж. Тоглолтын “бай” Нийслэл Улаанбаатарын сонгуулийн мандат. Одоо 14 байгаа мандатыг АН 22 болгож нэмэгдүүлэх МАН хэвээр нь байлгах саналтай байгаа. Тайлбар нь энгийн, АН нийслэлд санал авах магадлал илүү, харин МАН хөдөөд ялалт байгуулахдаа дадамгай. Харин өдгөө Ерөнхий сайдыг огцруулах саналаар барьцаалан нийслэлийн мандатын тоон дээр тохиролцоо хийх гэж байгаа байх гэсэн нэлээд үндэслэлтэй гэмээр тайлбар юм. МАН-ынхны нийслэлийн тойргыг нэмүүлэхгүй байх саналаа Ардчилсан намаар хүлээн зөвшөөрүүлж чадахгүй байх магадлалтай ч ядахдаа сөрөг хүчний тоглолтоо гурав хоног “сунгах” шоудах боломжтой. Учир нь огцруулах саналыг хэлэлцэх эсэх асуудлаар одоо аваад байгаа тав хоногийн завсарлагыг дахин гурав хоногоор сонгох боломжтой юм.
Тэгэхээр МАН-ыг энэ пүрэв гаригт дуусах завсарлагаа дахин гурав хоногоор сунгах санал тавихад нэг их гайхах зүйлгүй. Үүний зэрэгцээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг экс Ерөнхийлөгч Н.Энхбаярт Шадар сайдын суудлыг тавьж өгөөгүйгээс ийн огцрох өргөдөл гардлаа гэсэн тохуурхал ч байна. Гэхдээ Н.Энхбаяр Ерөнхий сайдыг огцруулахын эсрэг байгаа гэдгээ санал өдөөгч Г.Уянга нарт анхааруулсан гэсэн мэдээлэл байгаа. Гэвч улстөрийн хөшигний ард ямар том жижиг тоглолтууд өрнөж байгааг одоогоор таах аргагүй.
Хэдийгээр ийн Ерөнхий сайдын асуудал ийн пүрэв гаригт тодорхой болохгүй байх магадлалтай байгаа ч өөр бас асуудлууд УИХ-ын босго алхах эсэх нь энэ пүрэв гаригт шийдэгдэнэ. Олон нийтийн дунд хүлээлт үүсгэн, иргэний нийгмийн байгууллуудын тэмцлийн талбар болоод байгаа Ноён уулыг хамгаалалтад авах болон Гацууртын ордын Засгийн газрын хувь эзэмшлийг тогтоох тухай асуудлыг мөн энэ пүрэв гаригт хэлэлцэнэ.
Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх байсан ч УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хурал орхин гарснаар асуудал зогсонги байдалд ороод байгаа бол Гачууртын ордын Засгийн газрын хувь эзэмшлийг тогтоох тухай асуудлаар Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага авсан билээ.
Ийн УИХ дахь гол хүчин болсон АН, МАН харилцан засварлага авсан “чухал чухал” асуудлуудыг ийнхүү пүрэв гаригт хэлэлцэх нь.
Түүнээс гадна энэ долоо хоногт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтанд авах асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийх юм.
А.ТУЯА
Англи эхийг энд дарж уншина уу
For Mongolian version please click here
Сэтгэгдэл байхгүй байна