УИХ-ын ХЗБХ-ны хуралдаанд нэгэн төлөвлөгдөөгүй асуудал орж ирсэн нь Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг Цэцийн гишүүнээс эргүүлэн татах асуудал байв.
Тэрээр өнгөрөгч долоо хоногт /нэгдүгээр сарын 20/ УИХ-ын даргад албан тоот илгээж, үүний өмнөх өдөр УИХ-аар баталсан Цэцийн тухай болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг ”Үндсэн хууль зөрчсөн байх магадлалтай тул уг хуулийг хэрэгжүүлж ямар нэг шийдвэр гаргахгүй байх”-ыг анхааруулсан байдаг.
Цэцийн дарга Ж.Амарсанаа яг ийм утга бүхий албан тоотыг УДШ рүү ч бас илгээж, Дээд шүүхийн зүгээс ҮХЦ-ийн гишүүнд шинээр нэр дэвшүүлэхгүй байхыг байна. Учир нь УИХ-аар баталсан дээрх хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэвэл Цэцийн зарим гишүүд хуульд заасан насны хязгаар давсан үндэслэлээл ажлаасаа чөлөөлөгдөхөд хүрэх юм.
УИХ-ын дарга З.Энхболд ҮХЦ-ийн даргын явуулсан уг албан тоотыг “Үндсэн хуулийн Цэцийн дарга хууль зөрчиж, албан тушаалаа ашиглан Цэцэд маргаан хянан шийдэгдээгүй асуудлаар урьдчилсан байр сууриа илэрхийлсэн, УИХ-ын хууль тогтоох эрх мэдэлд халдсан” хэмээн үзэж Ж.Амарсанааг ҮХЦ-ийн гишүүнд томилуулахаар нэр дэвшүүлсэн Улсын дээд шүүхэд мэдэгдэл хүргүүлжээ.
Учир нь хуульд “ҮХЦ-ийн гишүүн хууль зөрчсөн тохиолдолд тухайн гишүүнийг нэр дэвшүүлэн байгууллагын саналыг үндэслэн УИХ Цэцийн гишүүнээс эргүүлэн татах”-аар заасан байна. Харин УДШ-ээс Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй ч асуудлыг хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг хүссэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна