АНУ-ын Сан-Франциско хотод Монгол Улсаас суух Ерөнхий консулын томилгоо жил гаруй “гацаж” байгаад УИХ-ын гишүүн Салдангийн Одонтуяагийн ах Салдангийн Эрдэнийг Монгол Улсад АНУ-ын Сан-Франциско хотод суух Ерөнхий консулаар томилсон тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Сануулбал: Жил гаруйн өмнө Сан-Франциско хотод суух Ерөнхий консулаар О.Машбат хэмээх залуу томилогдон ажиллахаар тушаал шийдвэр нь гарчихсан байсан. Гэвч Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөхөөр ажиллаж байсан Л.Пүрэвсүрэн Гадаад харилцааны сайдаар томилогдонгуутаа нэгэнт шийдвэр гарсан байсан томилгоог хойшлуулсаар эрх гишүүн С.Одонтуяагийн ахыг ийнхүү томилсон.
Тэгвэл Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суух Ерөнхий консулаар томилогдоод жил гаруйн дараа албандаа очиж чадаагүй иргэн О.Машбат өөрийн фэйсбүүкт хуудаснаа ийнхүү уучлал гуйжээ.
АМЕРИКИЙН БАРУУН ЭРГИЙН МОНГОЛЧУУДДАА
“О.Машбат миний бие Засгийн газрын 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тогтоолоор АНУ-ын Сан-Франциско хотноо суух Ерөнхий консулаар томилогдсон боловч өнөөг хүртэл томилогдсон албандаа очиж чадалгүй харамсалтайяа саатсаар эдүгээ эргэн татагдах болжээ. Намайг томилсон Засгийн газрын тогтоолыг хожим байгуулагдсан Шийдлийн хэмээх Засгийн газар, түүний Гадаад хэргийн сайд Л. Пүрэвсүрэн тодорхойгүй шалтгаанаар хэрэгжүүлэхгүй цааргалсаар, төрийн албаны залгамж чанар, ёс жудгийг хөсөрдүүлж, наанадаж АНУ-ын баруун эрэгт амьдран суугаа Монгол Улсын олон иргэнийхээ итгэлд, цаанадаж хоёр улсын харилцаанд сэв суулгаж ужигарсаар өнөөг хүрэв.
Та бүхнийхээ төлөө ажиллах эрхэм үүрэг Засгаас хүлээсэн минь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Гэвч, Засгийн газрынхаа хүчин төгөлдөр тогтоолыг хэрэгжүүлдэггүй, хэрэгжүүлэхийг ч хүсдэггүй Гадаад хэргийн увайгүй сайд, тэр тогтоолоо хэрэгжүүлэхийг албадаж чаддаггүй арчаагүй Ерөнхий сайдын үлбэгэр эс үйлдлийн өмнөөс ичин байж, төрөөс даалгасан эрхэм үүргийг жинхэнэ ёсоор гүйцэлдүүлж чадаагүйдээ АНУ-ын Аризона, Айдахо, Вашингтон, Умард Дакота, Өмнөд Дакота, Калифорни, Канзас, Колорадо, Монтана, Невада, Небраска, Нью Мексик, Орегон, Оклахома, Техас, Юта муж улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэн нэг бүрт мэхийн ёсолж, Монгол Улсын Засгийн газрын өмнөөс болон хувиасаа уучлал хүсье.
Төр нь зангаргатай, залгамжтай, иргэндээ ээлтэй байх сайн цаг ирэхийн ерөөл тавья.
Сарлагтан Отгонбаярын Машбат гэжээ.
Мөн INFOMONGOL.MN энэхүү томилгооны талаар С.Эрдэнийг томилсон Засгийн газрын шийдвэр гарсан өдөр буюу 2016.01.26-нд энэ талаарх мэдээллийг нийтэлсэн билээ.
С.Одонтуяагийн кнопны шагнал-Ерөнхий консул-мэдээг энд дарж уншина уу.
Сэтгэгдэл байхгүй байна