Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Амарбаясгаланг өөрийг нь ор үндэслэлгүйгээр гүтгэн доромжилсон асуудлаар шүүхэд хандаад байгаагаа нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өмнө нь мэдээлж байсан билээ.
Гэсэн ч гүтгэлгээ зогсоохгүй, уучлалт гуйхгүй байгаа болохоор хотын дарга Улсын ерөнхий прокурорт хандахаар болсон байна.
Сануулбал: Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн өөрийг нь ор үндэслэлгүйгээр гүтгэн, гүжирдсэн гэсэн гомдлыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт гаргасан.
Тус гомдлыг нь мөрдөн байцаагч шалгаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй хэмээн үзэж прокурорт шилжүүлсэн. Харин прокуророос НИТХ дахь МАН-ынхны “Э.Бат-Үүл төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан” гэсэн мэдээллийг гүтгэлэг биш, Э.Бат-Үүл даргын ажилд үнэлэмж өгч байгаа хэлбэр гэж дүгнэж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан аж.
Тэгвэл хотын захирагч энэ тухайгаа “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Амарбаясгалан төлөөлөгчид намайг онц их хэмжээний хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан мэтээр гүтгэлэг явуулж, нийтэд мэдээлсэн асуудлыг шалгуулахаар холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу Монгол Улсын Ерөнхий Прокурорт гомдол гаргаад байна” гэж мэдэгдлээ.
Сэтгэгдэл байхгүй байна