• Эхлэл
  • Ж.Амарсанаа: Намайг Дээд шүүх томилсон

Ж.Амарсанаа: Намайг Дээд шүүх томилсон

2016/01/28

Үндсэн хуулийн Цэцийн дарга Ж.Амарсанааг эргүүлэн татах асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Үүний дагуу Үндсэн хуулийн цэцээс мэдээлэл хийж, дарга Ж.Амарсанаа байр сууриа илэрхийлэв.

Үндсэн хуулийн цэцэд хандсан иргэдийн мэдээллийн дагуу Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар маргаан үүсгэн шалгажээ. Үүнээс үүдэн нэгдүгээр сарын 20-ны өдрийн 1/42 дугаартай албан бичгийг УИХ-ын даргад ҮХЦ-ээс хүргүүлэн, маргаантай байгаа хуулийг хэрэглэж ямар нэгэн шийдвэр гаргахгүй байхыг мэдэгдсэн байна.

Гэтэл УИХ-ын дарга “Таны мэдэгдлийг хүлээн авах боломжгүй” гэсэн хариу өгч. Мөн УИХ-ын тамгын газар Улсын дээд шүүхэд “Цэцээс УИХ-ын даргад ирүүлсэн мэдэгдэл нь хууль зөрчсөн” гэсэн утгатай албан бичгийг хүргүүлсэн аж.

Харин Дээд Шүүх "Хуулийн дагуу шийдээрэй" гэсэн хариу барьсан байна. Үүнийг УИХ дээр Дээд шүүхээс санал гаргасан мэт ойлгогдохоор болгоод цэцийн даргыг огцруулах асуудлыг хэлэлцжээ.

Цэцийн дарга Ж.Амарсанаа “Цэцийн даргын асуудлыг яаран сандран хэлэлцэхээр нэгдүгээрт оруулж ирсэн байгаа юм. Би байр сууриа илэрхийлэхгүй.

Харин хуульд зааснаар бол “Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон даргыг эргүүлэн татах, огцруулах бол Үндсэн хуулийн дагуу Цэцийн хуулийн дагуу, Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн дотороо хуралдаад нэр дэвшүүлсэн байгууллагад уламжилдаг.

Цэцийн гишүүдээс гуравыг нь УИХ, гуравыг нь Ерөнхийлөгч, гуравыг нь Дээд шүүх сонгодог. Намайг Дээд шүүх томилсон. Тэгэхээр Дээд шүүх рүү УИХ-аас Ж.Амарсанааг эргүүлэн татуулах бичиг өгсөн байгаа юм.

Дээдийн шүүхийн 25 гишүүн хуралдаад Ж.Амарсанааг эргүүлэн татах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргаж, бичиг ирүүлж байж УИХ-аар хэлэлцдэг. Тэгэхээр намайг эргүүлэн татах, огцруулах асуудал байвал хуулийн дагуу Цэцийн 9 гишүүн дотроо хуралдаж нэр дэвшүүлсэн байгууллагад уламжлах ёстой” хэмээлээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна