Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн баасан гаригт суллажээ. Түүнийг өнгөрсөн оны аравдугаар сарын 30-ний шөнө гэрээс нь баривчилснаар багагүй дуулиан дэгдсэн. Албан ёсоор бол шинэ төмөр замтай холбоотой асуудлаар Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Зайсангийн хориход саатуулан шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Гэхдээ энэхүү баривчилгааг УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбон тайлбарлаж байсан. Х.Баттулга ч мөн түүнийг баривчлагдсаны дараа хэвлэлийн бага хурал зарлан “Энэ бол эрх мэдлийн төлөөх тэмцэл” гэсэн мэдэгдэл хийж байсан юм.
Мөн Б.Батзаяагийн хэрэгт холбогдуулан баривчилсан “Самсунг Си Ти” компанийн захирал Ли Жон Гёлийг мөн суллажээ. Үүнийг мөн өмгөөлөгч нь баталгаажуулсан ч суллагдсан талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй, учир нь прокурорын зүгээс эсэргүүцэл гарах вий гэж болгоомжилж байгаа гэжээ. Иймээс тэднийг эргүүлэн саатуулж магадгүй гэсэн болгоомжлол байгаа бололтой.
Саатуулагдаж байх үедээ Б.Батзаяагийн бие муудан, хорихын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, удаа дараа батлан даалтад гаргах хүсэлтээ илэрхийлж байсан. Гурван сар гаруй хоригдсон түүнийг ямар нэгэн мэдэгдэл хийхгүй байхыг цагдаагийнхан анхааруулсан бололтой.
Өнгөрсөн долоо хоногт Төмөр замын шинэ бүтээн байгуулалтын ажлын 50 хувийг гүйцэтгэсэн гэх “Шинэ халхын төмөр зам” буюу “Кэй Эйч Эн Ар” компанийн ерөнхий захирал асан З.Баасандорж амиа хорлох шахсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Тэрбээр их хэмжээний зээл авч ажлаа гүйцэтгэсэн ч Б.Батзаяа нарыны хэргээс үүдэн санхүүжилт нь зогсч их хэмжээний өрөнд орсон учир гэрээслэл бичээд амиа егүүтгэхийг оролдсон гэсэн мэдээлэл бас гарсан юм.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна