ОХУ-ын Төрийн дум Монголын өрийн асуудлыг дахин дэлгэж тавьснаар монголчуудын дунд өр тэглэгдээгүй юм уу гэсэн гайхашрал үүссэн. Үүнийг ОХУ-д төлөх ёстой өр тэглэгдсэн боловч хоёр улсын хамтран байгуулсан “Монголроссцветмет” компанитай холбоотой өрийн асуудлыг процетурын хувьд шийдээгүй байсан гэсэн албан бус тайлбар Монголын хэвлэлүүдээр гарсан. Харин өчигдөр буюу нэгдүгээр сарын 31-нд ОХУ-ын тал Монголын өрийг тэглэснээ албан ёсоор мэдээлсэн байна.
Ингээд албан мэдээллийг хүргэж байна.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Монголын Орост төлөх өрийг тэглэх тухай хуулинд гарын үсэг зурсан талаар ОХУ-ын Эрхзүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд өнгөрсөн ням гаригт мэдээлж, хуулийг бүрэн эхээр нь нийтлэсэн байна.
"2010 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Москва хотод гарын үсэг зурсан Монгол Улсын ОХУ-д төлөх санхүүгийн төлбөрийг зохицуулах тухай ОХУ болон Монгол улсын Засгийн газар хоорондын гэрээг батламжлах" - гэж хуулинд бичсэн байна.
Энэхүү гэрээг Төрийн Зөвлөл баталсан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Батлагдсан хуулинд зааснаар Монгол улсын ОХУ-д төлөх ёстой хугацаа хэтэрсэн 174,2 сая ам.долларын өрийг тэглэж байгаа юм.
Монгол улсаас ОХУ-ын өмнө хүлээсэн санхүүгийн өр төлбөрийг зохицуулаагүйгээс болж хоёр талын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийг хязгаарлаж байсны дотор Оросын компаниуд Монголын нутаг дэвсгэр дээр тээврийн болон уул уурхайн салбарын томоохон төслүүдэд оролцох боломжийг хааж байсан юм. 2010 оны 7-р сард хоёр сарын хийсэн хэлэлцээрийн үр дүнд Монгол улсаас ОХУ-д төлөх 163,7 сая шилжих рублийн болон 10,5 сая долларын төлбөрийг 3,8 сая ам.долларын төлбөрөөр хаах зөвшилцөлд хүрсэн билээ.
Ингэснээр хуучин ЗСБНХУ-ын үед зээл болон худалдааны гүйлгээнд хэрэглэдэг байсан, сүүлийн 20 жилийн хугацаанд Орос болон Монголын аж ахуйн эргэлтийн тооцооноос хасагдсан нэгжээр илэрхийлэгдэх өр төлбөрийг чөлөөтэй хөрвөх валютаар өрийг эцэслэн шийдвэрлэж байгаа юм.
Засгийн газрын тэмдэглэснээр өрийн асуудлыг шийдвэрлэсэн нь Монгол улсын Орост төлөх зохицуулагдагүй өр төлбөрийн асуудлыг дуусгаж хоёр талын санхүү зээл болон хөрөнгө оруулалтын салбарыг хөгжүүлэхэд саад болж байсан нөхцлүүд алга болж буй. Гэрээгээр мөн Оросын төсөвт 3,8 сая ам.доллар орж байгаа төдийгүй Оросын Монгол дахь эдийн засгийн ашиг сонирхлыг шинэ түвшинд гаргах нөхцөл бүрдэж байгаа гэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна