• Эхлэл
  • Цагаа олоогүй шийдвэр

Цагаа олоогүй шийдвэр

2016/02/02

Шатахууны үнэ улам хямдрах нь. Уснаас ялгаагүй болох нь, ирээдүйд. Харин ус илүү үнэ цэнэтэй болж магадгүй. Хэрэв Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд газрын тос боловсруулах үйлдвэр, дамжуулах хоолой барих ажлыг бүрэн эрхийнхээ хугацаанд Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат эхлүүлж чадвал дээрх боломж улам ойртоно гэсэн үг. Түүний өнөөдрийн ажил маргааш үйл хэрэг болно.

Боловсруулах үйлдвэр барих тухай асуудлыг улс төрийн сонгууль бүрийн өмнө ёс юм шиг ингэж гаргаж ирдэг. Энэ жишгийн дагуу Аж үйлдвэрийн яам “түүх” давтлаа. Тэгэхээр мөрөөдлийн "зураглал"-аа Аж үйлдвэрийн сайд баяжуулсан гэсэн үг. Өөртөө тодотгол нэмлээ. Дахиад л хөрөнгө зарсан, үр дүнгүй ТЭЗҮ боловсруулах шинэ ажилтай зууралдах нь энэ. Урьдчилсан байдлаар боловсруулсан бэлэн төсөл уг нь бий.

Үйлдвэрийн бүтээн байгуулалт дөрвөн жил үргэлжлэх бөгөөд 2021 онд уг үйлдвэр ашиглалтад орох юм байна. Ингэж Д.Эрдэнэбат сайд хэллээ. Харж л байя. ТЭЗҮ-ээс хэтэрдэггүй боловсруулах үйлдвэр Монголд хэрэггүй. Тэгэхээр газрын тосны боловсруулах үйлдвэр барих талаар хамгийн сүүлийн удаа салбарын сайд нь хэлсэн байгаасай гэж найдаж байна. Дахиад үүнийг өөр хэн нэгнээс сонсохгүй юмсан.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн жинхэнэ "автор" нь Д.Эрдэнэбат сайд байвал гоё. Албан мэдээлэлд "Газрын тос боловсруулах үйлдвэр аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Улмаар газрын тосны бүтээгдэхүүний импортын хэмжээ буурч гадаад худалдааны тэнцлийн ашиг нэмэгдэх, ажлын байр олноор бий болно" гэж онцолжээ. Хэрэв үйлдвэр дээрх хугацаанд ашиглалтад орлоо гэхэд үржүүлэгч нөлөөгөөр эдийн засагт томоохон өөрчлөлт гарах нь дамжиггүй.

Монгол Улсын хувьд боловсруулах үйлдвэртэй болох нь чухал. Эдийн засгийн тогтвортой байдал, дунд болон урт хугацааны хөгжилд ч ихээхэн тус нэмэртэй. Тиймээс санал авах хамгийн том хувилбар нь аж үйлдвэрлэл мөн. Ажлын байрыг нэмэгдүүлж, импортыг орлох шатахууныг сайдын хэлж байгаагаар удахгүй Монголдоо үйлдвэрлэх нь. Үүнийг Аж үйлдвэрийн яамны сайд "дэглэх" юм. Эдийн засгийн өнөөгийн байдал, төсвийн орлогын төрхөөс харахад уг үйлдвэрийг санхүүжүүлэх боломж, бололцоо харагдахгүй байгаа.

Хөдөлж өгдөггүй үйлдвэрт хэн хөрөнгө оруулах нь анхаарал татаж буй. Тэр тусмаа үндэсний компаниуд улстөржсөн боловсруулах үйлдвэрийн төсөлд гар сунгах, эсэх нь эргэлзээтэй. Төсвөөс ажил, үйлчилгээ үзүүлсэн мөнгөө авч чадахгүй байгаа гацчихсан компаниудын хувьд боловсруулах үйлдвэр одоогийн нөхцөлд сонирхолтой төсөл биш гэж зарим нь үзэж байна. Тэр тусмаа газрын тосны хөрөнгө оруулалт даян дэлхийн хэмжээнд энэ онд дахин 16 хувиар буурч, нийлүүлэлт эрэлтээ давах болсон үед боловсруулах үйлдвэрийн төсөл амжилттай хэрэгжих нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Ийм цагаар Монгол Улс хөрөнгө оруулагчдад мега төслөө санал болголоо.

Б.Баяртогтох


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    usaa oroosgol oilgosnoos buruu
    2016 оны 03 сарын 18
  • Зочин
    egiin gold yadaj us nootsloh nuur
    2016 оны 02 сарын 23
Сонин хачин