Өмнө нь УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр Ардчилсан намаас завсарлага аваад байсан Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг тогтоох асуудлыг өнөөдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцлээ. Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг тогтоолын төслийг УИХ-ын гишүүдийн 61.1 хувь дэмжин баталлаа. Уг ордын төрийн эзэмшлийн хэмжээг ашигт малтмалын тухай хуульд заасан дээд хязгаар болох 34 хувиар тогтоож, уг хувь хэмжээг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах юм. Ийнхүү байнгын хороодоор хэлэлцсэн ч хойшлогдоод байсан Гацууртын ордын асуудлыг шийдлээ. Өмнө нь Ардчилсан намын бүлэг тав хоногийн завсарлага аваад байсан ч өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах эсэх асуудлыг цаг сунган хэлэлцсээр бусад төлөвлөгдсөн асуудлуудыг хэлэлцэж амжаагүй байсан юм.
Гацууртын алтны үндсэн орд нь ашиглалтад ороход бэлэн болсон. Энэ ордод нийт 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явагдах юм. Нийт хөрөнгө оруулалтын зардал нь 215.9 сая ам.доллар, үйл ажиллагааны зардал нь 1026.2 сая ам.доллар, 1769.2 сая ам.долларын борлуулалт хийж, 433,6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлөх бөгөөд 1000 орчим ажлын байр бий болох юм.
УИХ-ын чуулганы дараа Гацууртын орд газартай холбогдуулан Засгийн газар ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулсан байна. Хуралдааны талаар Уул уурхайн сайд Р.Жигжид мэдээлэл танилцууллаа.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Гацууртын ордын Засгийн газрын 34 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр роялтын төлбөрөөр оруулан төлбөрийг авна гэж ойлгосон. Төлбөрийг ямар зарчмаар тооцох вэ?
-Ашигт малтмалын хуулийн дагуу энэ асуудлыг шийдэх ёстой. Өмнө нь ажлын хэсэг хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийж, тусгай төлбөрийг 3 хувь байхаар тохироод байгаа. Гэхдээ алтны зах зээлийн үнээс хамаараад уг хувь хэмжээ өөрчлөгдөх боломжтой. Хэлэлцээ хийх явцад алтны үнийг 1100-1400-гийн хооронд байхад мөрдөөд явъя гэж урьдчилсан байдлаар тохироод байна.
-Хичнээн төрлийн татвар авах вэ?
-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нь үндсэндээ суурь, үнэтэйгээ уялдаад өсөн нэмэгдэх, тусгай гэсэн гурван төрөл. Дээр нь ААНХОТ-ыг авна. Бусад улсын татварын хуулиар оногддог татвар хураамж оногдоод явна.
-Гацууртын ордын олборлолт нь хэзээнээс эхлэх вэ?
-Одоо Уул уурхайн яам хөрөнгө оруулагч талтай яриа хэлэлцээ хийнэ. Орд ашиглах гэрээ байгуулах юм. Үүнийг аль болох хурдан үргэлжлүүлж, ашиглалтад оруулах асуудлыг хэлэлцэж байна.
Нэг жилийн дотор эхлэх болов уу гэж найдаж байгаа. Хөрөнгө оруулагч тал яарч байх учиртай. Бид Ашигт малтмалын, Төсвийн тухай хуульдаа өөрчлөлт оруулаад алтны үйлдвэрлэлийг дэмжих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Алтыг Монгол банкинд тушаасан тохиолдолд тусгай төлбөрийн хэмжээг нь нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь хөнгөлнө. Энэ хөнгөлөлт 2018 он хүртэл хэрэгжих заалттай. Хэрэв тусгай төлбөрийн хувилбараар явбал борлуулалт хэзээ хийгдэнэ. Тэр үед орох орлогоос нь төлбөрөө аваад явах юм. Ингэснээр бидэнд орлого шууд орж ирнэ. Харин 34 хувийг эзэмшсэн тохиолдолд манай талд төдий хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй гэх асуудал гарна. Дээр нь тухайн аж ахуйн нэгж өөрөө ашигтай ажиллаж байж ногдол ашгаа хуваарилах юм. Хэрэв хувь эзэмшээд явахад Монгол Улс ногдол ашиг авах хэлбэрээр орлого авах нь олон жилийн дараа шийдэгдэнэ. Тиймээс бидний хувьд тусгай төлбөрийг аваад явах нь улсын төсөвт эрт орлого орж ирэх боломж бүрдэж байна.
Сэтгэгдэл байхгүй байна