Өмнө мэдээлж байснаар Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон намууд нэгдэж буйгаа баталгаажуулж АН-ын дарга З.Энхболд, ИЗНН-ын дарга С.Оюун нар санамж бичигт гарын үсэг зурлаа.
АН-ын дарга З.Энхболд:
-Ардчилсан нам, Иргэний зориг ногоон нам бол адилхан үзэл баримтлалтай, нэг байр суурьтай олон жил явж ирсэн. Улс төрийн намын тухай хуулийн 15.2-ын дагуу намын гишүүдээрээ хэлэлцүүлэг явуулах ёстой гэсэн тодорхой шаардлагууд байгаа. Түүний эцэст намын их хурал явагддаг. Бид өнөөдрөөс энэ процессоо улс орон даяар эхлүүлж байгаа. Сонгуулийн өмнө энэ ажиллагаа дуусах ёстой” гэлээ.
ИЗНН-ын дарга С.Оюун:
-АН-аас нэгдэх саналыг тавьсан. Манай нам энэ саналыг хүндэтгэж байгаа. Аль, аль намынхаа дүрмийн хүрээнд улс төрийн намуудын хуульд тодорхой заалтууд байгаа. Хуулийн хүрээнд хэлэлцүүлгээ явуулаад, шат шатны байгууллагууд шийдвэрээ гаргаад явах ёстой. Тиймээс хоёр нам улс төрийн хуулийн хүрээнд хэлэлцүүлгүүдээ эхлүүлж байгаа.
Манай намын гишүүдийн зүгээс шат, шатандаа шийдвэрээ гаргалгүйгээр нэгдэхээр болж байгаа юм уу гэсэн асуултууд их ирж байгаа. Бидний хувьд шат, шатандаа шийдвэрээ гаргана. Олонхиороо шийднэ. Ардчилсан нам хоёр нам нэгдэх нь Ардчилал, Монгол Улсын эв нэгдэл, Үндэсний эрх ашигт хэрэгтэй юм гэсэн саналыг би хувьдаа хүндэтгэн үзэж байна” гэлээ.
Ямартаа ч ийнхүү ИЗНН, Ардчилсан нам нэгдэх анхны санамж бичигт гарын үсэг зурлаа. ИЗНН-ыг Ардчиллын анхдагчдын нэг УИХ-ын гишүүн С.Зориг агсан нам барсны дараа МоАН-ын гишүүд бйагуулж байсан. Тэр утгаараа Ардчилсан намаас тасарч гарсан нам ч гэж үзэх нь бий. Харин өнгөрөгч 2012 оны сонгуулийн өмнө Иргэний зориг нам Ногоон намтай нэгдэн ИЗНН хэмээн нэрээ өөрчилж байсан юм.
Харин энэ удаад намын нэр өөрчлөгдөх эсэх тухайд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр "АН-аар нэрлэгдэх байх. Бид тэр байдлаар хоорондоо тохирч байна" гэсэн байна. Мөн "Хоёр нам нэгдлээ гэхэд ИЗНН-аас орж ирэх гишүүдээ АН-ын ҮЗХ-нд яаж оруулах вэ гэдгийг, орон нутагт хамтрах асуудлаа яаж шийдэх вэ гэх мэт зохицуулах ёстой нарийн асуудлууд байгаа" гэжээ.
Хоёр намын нэгдлийн талаар генесекүүд ийм хариулт өгсөн байна.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр
-Хоёр нам нэгдэхэд АН үндсэн дүрэмдээ заавал өөрчлөлт оруулах ёстой гэж ИЗНН-аас мэдээлж байна. Дүрэмдээ хэзээ өөрчлөлт оруулах вэ?
-Улс төрийн намын тухай хуулинд “Хоёр нам нэгдсэн тохиолдолд хоёулаа их хурлаараа асуудлаа шийднэ” гэж заасан байдаг. Тэгэхээр дүрэм бол хууль давахгүй. Улс төрийн намын тухай хуулиараа шийдвэрлэнэ. Дүрэмд өөрчлөлт оруулах шаардлага байхгүй юм байна гэж харсан.
-Ардчилсан намын ҮЗХ хэзээ хуралдах вэ?
-ҮЗХ Цагаан сарын баярын дараа хуралдана. Уг хурлаар бусад намуудтай нэгдэх асуудлаар ярилцана.
-МҮАН-тай нэгдэх асуудал хэр түвшинд явж байна?
-Ажил өрнөж байна. МҮАН-ын дарга нар эзгүй байна. Тэднийг ирэхээр уг асуудлаар ярилцана. Бид нэгдэх асуудлаа уламжилсан байгаа.
ИЗНН-ын дэд дарга М.Хүрэлсүх:
-Ардчилсан намтай нэгдэх асуудпыг гишүүд дэмжиж байгаа юу?
-Намын Үндэсний хорооноос сонгуульд оролцох талаар бусад намуудтай яриа хэлэлцээр хийж, ярилцаж байна. АН-аас эх орны ашиг, төрийг тогтвортой байлгах, ижил үнэ цэнэтэй намууд нэг байр суурьтай байх үүднээс нэгдэх санал тавьсан. Нэгдэх асуудлыг намын гишүүд хэрхэн үзэж байгааг шат шатанд хэлэлцэнэ.
-ИЗНН гэсэн нэр байхгүй болно гэсэн үг үү?
-Байхгүй болохгүй биз, Монгол Улсад 16 жил үйл ажиллагаа явуулсан нам шүү дээ. Улс төрд өөрийн гэсэн орон зайтай. Энэ хоёр нам хоёулаа нийгэмд өөрийн гэсэн үнэ цэнэтэй намууд болсон. Бид нарын хүндэлж дээдэлж явдаг зарчим болгож ирсэн зүйл бол АН өөрийнхөө хөтөлбөр бодлогод тусгаж байгаа тул нэгдэхэд болохгүй зүйл байхгүй гэж хувь гишүүний хувьд үзэж байна.
-Нэгдэх тухай саналыг хүлээн авахад Сонгуулийн тухай хууль нөлөөлсөн үү?
-Сонгуулийн тухай хууль бидэнд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Манай намаас тойрогт нэр дэвшихэд С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг гээд дарга нар тодорой хэмжээнд тойргоос гарч ирэх магадлал маш өндөр. Гэхдээ манай намын тухайд ганцхан АН биш ХҮН болон МАХН-тай ч албан бусаар уулзсан. АН-тай нэгдэнэ гэдгийг гишүүд хэрхэн үзэж байгааг үзээд их хурлаа хуралдуулах болно.
-МҮАН-тай нэгдэх асуудал юу болсон?
-Мөн адилхан ярьж байгаа.
Сэтгэгдэл байхгүй байна