• Эхлэл
  • УИХ ээлжит бус, Засгийн газар ээлжит хуралдаанаа хийнэ

УИХ ээлжит бус, Засгийн газар ээлжит хуралдаанаа хийнэ

2016/02/15

Монголчуудын уламжлалт Сар шинийн баярын өдрүүд өндөрлөж, өнөөдрөөс ажил алба цэгцрэх нь. Монголчууд уг нь шинийн гурванд идээгээ хурааж, шинийн тавнаас шинэ хуучрав хэмээн хэлэлцдэг.

Харин энэ удаа баярын амралт пүрэв гариг хүртэл үргэлжилж, баасан гаригт алба цугларсан ч албан газрын золголт үргэлжилсээр амралтын өдрүүдтэй золгов. Өөрөөр хэлбэл, энэ удаад шинийн 7 хүртэл золголт үргэлжилсэн гэсэн үг.

Харин өнөөдрөөс буюу даваа гаригаас алба ажил оволзох нь. Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, долоон асуудал хэлэлцэнэ.

Мөн УИХ-ын даргын захирамжаар зарласан ээлжит бус чуулганы хуралдаан 09.00 цагаас эхэлнэ. Ээлжит бус чуулган энэ сарын 26 хүртэл үргэлжлэх юм. Гэхдээ уламжлал ёсоор даваа гаригт намын бүлгүүд, мягмар лхагва гаригт байнгын хороод, пүрэв, баасан гаригт нэгдсэн чуулган хуралдана. Ээлжит бус чуулганаар 24 асуудал хэлэлцэхээр товлоод байгаа. Гэхдээ бас Тавантолгойн асуудал гэх мэт төлөвлөгөөнд тусгаагүй асуудлуудыг хэлэлцэж магадгүй гэсэн хүлээлт ч байгаа. 

Цагаан сарын өмнө буюу хоёрдугаар 5-нд хаалтаа хийсэн УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулган ажлын 90 өдөр үргэлжилж, нэгдсэн хуралдаан 38 удаа, байнгын болон дэд хороод давхардсан тоогоор 131 удаа хуралдаж, нийт 412 хууль, 65 тогтоол хэлэлцэн баталсан. Гэвч хэлэлцэхээр төлөвлөсөн 21 асуудлын 10-ыг нь баталж, ажлын үр дүн ердөө 50 хувьтай байгаа гэж сөрөг хүчний гишүүд шүүмжилж байсан.

Намрын чуулганаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах тухай болон Гачууртын орд газрын хувь эзэмшлийг тогтоох тухай, Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэх мэт асуудлуудаар намын бүлгүүд харилцан завсарлага авч цаг хугацаа алдсан гэсэн шүүмжлэл ч байгаа. Гэхдээ чуулганаар хэлэлцэж амжаагүй асуудлуудаар ээлжит бус чуулган зарладаг тохиолдлууд олон. Тухайлбал өнгөрсөн жилийн долдугаар сард өндөрлөсөн хаврын чуулганы дараа мөн ээлжит бус чуулган зарлаж байсан юм.

Ийн бараг уламжлал болсон шахуу ээлжит бус чуулганы дараа намууд 2016 УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажилдаа шуударч, эрхэм гишүүд тус бүр тойрог дээрээ ажиллах бололтой.

Сонгуулийн хаврын хувьд улс төрийн амьдрал үйл явдал арвинтай байх нь дамжиггүй. УИХ-ын хаврын чуулганыг ханш нээх өдөр зарладаг уламжлал ёсоор дөрөвдүгээр сарын 5-ны өдөр энэ парламентын хаврын отгон чуулган нээлтээ хийнэ.

А.АНУ   


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна