Өнөөдөр 09.00 цагт зарлагдсан УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан ирц бүрдээгүйгээс одоо хүртэл эхлээгүй байгаа. Чуулганы танхимд МАН-ын гишүүд орж ирээгүй байсан бөгөөд бүлгийн дарга С.Бямбацогтын өрөөнд золголт хийж байна гэсэн яриа хүртэл гарсан. Тэгвэл тус бүлгийнхэн ээлжит бус чуулганыг эсэргүүцэж байгаагаа ийн илэрхийлж байгаа аж.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын мэдээснээр тус бүлгийн 26 гишүүнээс 22 нь Төрийн ордонд албан өрөөндөө ажлаа явуулж байгаа гэв.
Тэд бүлэг ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэж үзэж байгаа бөгөөд ээлжит бус чуулганы 10 хоногийн хугацаанд 20 гаруй хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн нь халтуурдсан зүйл болж, улс орны хийгээд ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэсэн байр суурьтай байгаа гэнэ. Тэдний эсэргүүцэх болсон нэг шалтгаан нь өнөөдрийн хэлэлцэх асуудлын нэгдүгээрт бичигдсэн ҮХЦ-ийн гишүүнийг огцруулах тухай байсан бололтой. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт үүнийг
-ҮХЦ-ийн гишүүнийг хууль бусаар чөлөөлөх гэж байгаатай МАН-ын бүлэг эвлэрэхгүй. Асуудлыг олонхоороо хүч түрж шийдэж болохгүй. Хүч түрж, хууль зөрчдөг байдал газар авсан. Тийм болохоор хуулийн хүрээнд асуудлыг тавина гэлээ. Энэ хүрээнд тэд УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тавих бололтой.
Харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг Шадар сайд болгох гэж байгааг мөн эсэргүүцэж байгаа эсэх талаар
-Засгийн газрын томилгооны асуудалд МАН-ын бүлэг хөндлөнгөөс оролцох боломжгүй. Эрх баригч АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн шийдвэрлэх асуудал. Бид Засгийн газрын гишүүнээр нэрийг нь дэвшүүлсэн эрхмүүдийг дэмжээд явна. Харин ажлаа сайн хийх хэрэгтэй. Хийж чадахгүй бол хариуцлага тооцно. ЭМС-ын сайдыг томилоогүй байна. Хэрвээ Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярын нэрийг дэвшүүлбэл дэмжээд явна гэв.
А.АМАР
Сэтгэгдэл байхгүй байна