• Эхлэл
  • Дөрвөн гишүүн ХОМ-гээ өгөөгүй байна

Дөрвөн гишүүн ХОМ-гээ өгөөгүй байна

2016/02/15

Жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор төрийн албан хаагч болон төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид зааснаар Авлигатай тэмцэх газар шинэчлэн бүртгэж, хүлээн авдаг.

Энэхүү хугацаа өнөөдөр 17.30 цагт дуусгавар болж байгаа юм.

Өнөөдөр 12.00 цагийн байдлаар 98.5 хувь буюу нийт 38900 албан хаагч ХОМ-гээ өгөөд байна гэж АТГ-аас мэдээлэв.

УИХ, Засгийн газрын гишүүн гэх мэт төрийн өндөр дээд албан тушаалтан 269 хүн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөх ёстойгоос дөрөв дутуу байна. Гэхдээ тэд хуулийн хугацаа дуусахаас өмнө мэдүүлгээ өгнө гэж Авлигатай тэмцэх газартай утсаар холбогдож мэдэгджээ.

Хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь өгөөгүй буюу буруу мэдүүлсэн бол цалингийн хэмжээг бууруулах, сануулга өгөх,  үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүртэлх хариуцлага тооцдог.

Өнгөрсөн жил нийт 38 мянга 400 төрийн албан хаагч хөрөнгө орлогын мэдүүлгээ тайлагнаж, ирц 99.9 хувьтай байжээ. Гэхдээ Монголын үндэсний олон нийтийн телевиз, радиогийн Үндэсний зөвлөлийн гишүүн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөхөөс татгалзаж, нэг нь хугацаа хэтрүүлсэн зөрчил гарч байсан юм.

Энэ жилийн хувьд хөрөнгө орлогын мэдүүлэг авах хугацаа сар шинийн амралтын өдрүүдтэй давхацсан тул Авлигатай тэмцэх газрын ажилтан, албан хаагчид сар шинийн өдрүүдэд ажиллаж албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэн, хүлээж авч байсан юм.

Хуулийн дагуу орон нутгийн албан хаагчдын хөрөнгө орлогын мэдээллийг нэгтгэн гуравдугаар сарын 1-нд иргэдэд танилцуулах юм.

Улсын их хурлын гишүүд буюу өндөр дээд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийн дүнг нэгдүгээр улиралдаа багтааж иргэдэд мэдээлнэ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна