Blue moon арт галлерей уран тансаг зураглал, сайхан мэдрэмжээр дүүрэн угтлаа. Учир нь өчигдөр зураач Э.Сүндэръяа энд "Secret of shadows" уран зургийн үзэсгэлэнгээ нээсэн юм.
Сүндэръяагийн анхны бие даасан үзэсгэлэн сарын 23-ныг өдрийг хүртэл үргэлжлэнэ.
Залуухан уран бүтээлч бүсгүй эмэгтэй хүний дотоод гоо сайхныг уран бүтээлдээ харуулахыг зорьжээ. Гэхдээ түүний бүтээлээс дан ганц эмэгтэй хүний дотоод сэтгэл бус, түүний дурсамж, мэдрэмж үнэртэнэ. Зураач бүсгүй 2009 оноос хойш маш олон тэмцээн уралдаанд оролцож амжилт гаргаж байсан гэнэ шүү.
Зураач Э.Сүндэръяаг товч танилцуулая.
Энхсайханы Сүндэръяа нь 1989 онд төрсөн.
2006-2008 онд ШУТИС, ҮТДС дизайны гүнзгий сургалттай лицей,
2008-2012 онд СУИС-ДУСургуулийн Уран зургийн анги төгссөн.
2013 оноос BlueMoon галерейн гишүүн уран бүтээлч болсон байна.
"Secret of shadows" уран зургийн үзэсгэлэнд ирсэн зочид ам сайтай, сэтгэл хангалуун байлаа. Бүтээлүүдтэй нь танилцсанаар түүнийг үнэлэх үнэлэмж улам нэмэгдэх шиг болсон гэх зарим хүмүүсийн яриаг сонслоо.
Ингээд зураач Э.Сүндэръяагийн яриаг хүргэе.
-"Secret of shadows"-ийн онцлог нь юу вэ? Мэдээж өөрийн чинь хувьд анхны гэдэг нь онцлог. Харин уран бүтээлийн хувьд юугаараа онцлог байна вэ. Бас анхны бие даасан үзэсгэлэн гэхээр сонин санагдлаа. Урьд бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж байгаагүй гэж үү?
-Өмнө нь жижиг паб, ресторануудад үзэсгэлэнгээ гаргаж байсан, харин энэ удаагийнх албан ёсны уран зургийн галерейд гаргаж байгаа миний анхны бие даасан үзэсгэлэн болохоор сэтгэл маш өндөр байна.
Миний бүтээлүүдийн онцлог бол сүүдэр. Хүмүүсийн сүүдрийг зурж аваад түүн дээр тухайн хүнийхээ дотоод сэтгэл зүй ч юм уу, өөрсдийнх нь мөрөөдөл, дурсамжуудынх нь тухай бүтээлүүддээ тусгасан байгаа.
--"Secret of shadows"буюу “Сүүдрүүдийн нууц” гэж яагаад үзэсгэлэнгээ нэрлэсэн юм болоо гэж бодож байлаа. Та сүүдэр зурах дуртай юм аа?
-Хүмүүс сүүдрийг хөх, саарал өнгөөр төсөөлдөг. Харин миний хувьд арай өөр өнцгөөс харж, төсөөлж, сүүдэр нь дотроо өөр гоё байж болох, таны салшгүй хэсэг юм шүү гэдгийг дүрслэхийг хичээдэг.
-Олон уралдаан тэмцээнд оролцож байсан гэсэн. Гаргасан амжилтууд ..
- Tiger брендээс жил бүр зохион байгуулдаг “Tiger Тranslate”гэх тэмцээнд оролцож 2012, 2014 онд хоёр, гуравдугаар байрын шагнал авсан.
“Tiger translate” бол олон улсын тэмцээн. Монголд 2012 онд зохиогдон Монголын шилдэг зургаан уран бүтээлч шалгаруулахад түүний нэг нь болж гуравдугаар байрын эзэн болсондоо их бахархдаг.
Үүнээс хойш хоёр жилийн дараа “Tiger translate 2014- Streets Neon” дэд байрын шагналын эзэн болсон.
-Өнөөдрийн үзэсгэлэнг нээхийн тулд хэр хугацаа орсон бэ?
-"Secret of shadows" үзэсгэлэнгийн бүтээлүүдээ 2012 оноос хойш хийсэн. Их хугацаа орсон л доо. Дараа дараагийнхаа бүтээлийг үүнтэй адил сэдвүүдээр хийх бодолтой байгаа.
-Шавийн эрдэм багшаасаа гэдэг. Таны багш?
-Миний багш “Монголын урчуудын эвлэл”-ийн хорооны шагналт зураач Д.Батмөнх миний бүх чадварыг зааж өгсөн мундаг хүн байдаг юм аа. Багшийнхаа урланд дөрвөн жил сурч төгссөн. Өнөөдрийн үзэсгэлэнгийн нээлтэн дээр багш маань ирсэнд их баяртай байгаа.
- Blue Moon галерейн гишүүн гэж сонссон. Хэзээнээс гишүүн болсон бэ?
- Blue Moon галерей анх үйл ажиллагаагаа эхэлж байх үеэс эхлэн зохион байгуулсан олон, олон үзэсгэлэнд оролцож байгаад гурван жилийн өмнө албан ёсоор гишүүн нь болсон.
-"Secret of shadows" үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээс хамгийн онцлог шинж чанартай бүтээл аль нь вэ?
- Бүтээл болгон өөр өөрийн онцлогтой. Гэхдээ “Хунгийн чуулган” маань илүү онцлогтой гэж би боддог. Энэхүү бүтээл 2015 онд зохиогдсон МҮОНРТ-ийн богино хэмжээний киноны наадмын хэсэгт орсон. Тэр кинон дээр бүтээгдсэн бүтээл гэдгээрээ их онцлог.
- Дурсамж өгүүлсэн бүтээлүүд их байгаа юм шиг санагдсан. Жишээлбэл, “Өвөөгийн нутаг” ...?
- Бүтээлүүд маань бодит байдал дурсамжтай холбоотой. “Өвөөгийн нутаг” ч бас дурсамжтай минь холбоотой. Манай өвөө Төв аймгийн Мөнгөн морьт сумынх. Би өвөөгийндөө очиж байгалийн судалбар хийдэг байсан. Тэнд төрсөн санаагаа оруулан нь цонхон дээр өөрийнхөө болон дүүгийнхээ сүүдрийг оруулан зохиомжилсон бүтээл. Өвөө эмээгээ бодож хийсэн, маш их дурсамжтай бүтээл.
“My mom”гэх бүтээлийг ээждээ зориулж хийсэн. Толинд харж байгаа эмэгтэй хүний дүрс. Энэ бүтээлд эх хүний дотоод сэтгэлийг шингээсэн. Улаан өнгө хайр дурлалыг бэлгэдэг болохоор эх хүн дотоод сэтгэл нь хайраар дүүрэн гэдгийг илэрхийлэхийг хичээсэн.
-Таны үзэсгэлэнг үзэж сонирхож байгаа зочид бүтээлүүдээс тань юуг ойлгоосой гэж хүсэж байна вэ?
- Хамгийн гол нь хүн энэ үзэсгэлэнг үзээд ямар сонирхолтой, ямар гоё юм бэ гэдгийг мэдрээсэй л гэж бодож байна. Заавал үзэсгэлэн үзээд гүн гүнзгий ойлгох албагүй, гол нь гоо сайханы таашаал авах хэрэгтэй гэж бодож байна.
-2016 онд ямар шинэ зүйлийг хийхээр төлөвлөж байна вэ?
- Энэ онд хийх зүйл их байгаа. Хамгийн түрүүнд хийхээр төлөввлөж байгаа ажил бол Франц явах төсөл хөтөлбөрийн уралдаан оролцоно гэсэн бодолтой байна. Болж өгвөл тэр уралдаанд түрүүлчих санаатай л байна даа. /Инээв/
-Баярлалаа, танд амжилт хүсье. Уралдаандаа түрүүлэх болтугай.
Сэтгэгдэл байхгүй байна