Хятадын нийслэл Бээжин хот анх удаа долларын тэрбумтнуудынхаа тоогоор Нью Йоркоос илүү гарсан тухай тав дахь жилдээ тэрбумтнуудыг судлаж буй Hurun компани мэдээлжээ. Hurun судалгааны компаниас гаргасан 2016 оны Дэлхийн баячуулын тайлангаар Бээжин хотын тэрбумтны тоо 95-аас нэмэгдэж 100 болсон байна. Хамгийн их баян хүмүүс амьдардаг хотуудын тоонд Хятадын дөрвөн хот Хонгконг, Шанхай, Шэньчжень, Ханчжоу мөн багтжээ.
2016 оны байдлаар дэлхийн тэрбумтнуудын тоо дээд амжилт тогтоосон буюу 2188 хүн болсон нь 2015 оноос 99-ээр нэмэгдсэн гэсэн үг юм. Тэдний эзэмшиж буй хөрөнгө 9%-иар нэмэгдэж 7,3 триллион доллар болж байгаа нь АНУ-ын ДНБ-ийн тэн хагастай тэнцэнэ.
Хүүхнүүд эрчүүдээс дутахгүй хөрөнгө хийдэг болохыг энэ жагсаалт мөн харуулсан бөгөөд Хятадын 93 бизнес эмэгтэй өөрийн хүчээр тэрбумтан болжээ.
Дэлхийн хамгийн баян хүн болох 80 тэрбум доллартай Билл Гейтс байр сууриа хадгалсан хэвээр байгаа бол түүний дараа Уоррен Баффет 68 тэрбум долларын хөрөнгөтэйгээр бичигджээ. Эдийн засгийн уналтын улмаас өнгөрсөн жил хоёр баяны хөрөнгө зургаа болон 11 хувиар багассан юм.
Хойд хөршийн хувьд тэрбумтны тоо 13-аар буурч 80 хүрсэн бөгөөд тэдний 66 нь Москва хотод амьдардаг байна.
Сэтгэгдэл байхгүй байна