Италийн нэрт хөгжмийн зохиолчдын киноны шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн Сонгодог, уянгын үдэш «ITALIА» концерт 2016 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 19:00 цагаас УДБЭТ-ын тайзнаа 100 хүний бүрэлдэхүүнтэй тоглогдохоор болжээ.
Гранат Музык Продакшны уран сайхны удирдагч, төгөлдөр хуурч, удирдаач Б.Анар Монголд анх удаа Дэлхийн шилдэг киноны хөгжмийн тоглолтуудыг санаачилж, 2009 оноос хойш цуврал тоглолтуудыг сонгодог хөгжмийг үзэгч олондоо сонирхуулсаар байгаа ба Сонгодог уянгын «ITALIА» концерт нь Монгол, Итали улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 46 жилийн ой, Итали улсаас Монгол улсад суух бүрэн эрхт элчин сайдын яам нээгдэх болсонтой холбогдуулан хүндэт консул Mr. Piero Albarano Bardazzi дэмжлэгтэйгээр Монголын үзэгч түмэнд анх удаа хүрэх гэж байгаагаараа онцлог.
Уг тоглолтонд Италийн 19-21-р зууны кино урлагийн нэрт хөгжмийн зохиолчид болох Оскарын шагналт Эннио Морриконе, Нина Рота, Луис Бакалов, Никола Пьованни, Дарио Маррионелли, Майкл Жаччини болон Жакомо Пуччини, Пьетро Масаньи нарын бүтээлүүдийг зохиогчийн албан ёсны бүрэн эрхтэйгээр сонордуулах аж.
Мөн урилгаар Италийн Венец хотын Дуурь болон симфони найрал хөгжмийн удирдаач Roberto Salvalaio хүрэлцэн ирж оролцож байгаа бөгөөд дуурийн дуучин МУГЖ Э.Амартүвшин /баритон/, Б.Энхнаран /сопран/, Б.Батжаргал /тенор/, хөгжимчин Ц.Нямгэрэл /саксафон/, Э.Батмягмар /альт/, М.Хулан /хийл/, Д.Өлзий-Орших /гитарчин/, УДБЭТ-ын симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.
Тоглолтын үеэр хүрэлцэн ирсэн хүндэт зочдод зориулсан хүлээн авалт болох ба тоглолтын тасалбарыг 40,000, 60,000, 100,000 төгрөгийн үнэтэйгээр УДБЭТ-ын кассаар худалдаалж байгаа ба www.granat.mn сайтаар захиалж болно.
Сэтгэгдэл байхгүй байна