• Эхлэл
  • Итали аялгуу Монголд

Итали аялгуу Монголд

2016/02/29

“Гранат Мюзик продакшн” сонгодог, уянгын үдэш «ITALIА» концертын талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд “Гранат Мюзик продакшн”-ын Удирдаач, Төгөлдөр хуурч Б.Анар, Ерөнхий продюсер, Италийн Тоскан дахь өргөмжит Консулын төлөөлөгч Ж.Шантел, Италийн Венец хотын Дуурь болон симфони найрал хөгжмийн  удирдаач Роберто Салвалаио, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин, димломатч, итали хэлний багш, судлаач Ч.Батжаргал нар оролцсон юм.

Хурлын үеэр Онц бөгөөд бүрэн эрхт Элчин, димломатч, Итали хэлний багш, судлаач Ч.Батжаргал “Италийн талаар хийж байгаа бүрэн хэмжээний тоглолт болох гэж байна. Тэгэхээр энэ тоглолт Италийн хөгжим, дуурийн урлаг ямар хэмжээнд байдаг, энэ хөгжмийн урлагыг Монголчууд танин мэдэхэд бид ямар хувь нэмэр оруулж байгаа вэ гэдгийг харуулах тоглолт болох гэж байгаад сэтгэгдэл өндөр байна” гэв.

Ингээд “Гранат Мюзик продакшн”-ын Удирдаач, Төгөлдөр хуурч Б.Анартай ярилцлаа.

- Энэ пүрэв гаригт болох тоглолтын онцлог юу вэ?

- Монгол Улсад Итали улсаас суугаа бүрэн эрхт элчин сайдын яам нээгдэж байгаатай холбогдуулан гуравдугаар сарын 3-нд УДБЭТ-т «ITALIА» сонгодог уянгын үдэш нэртэй концерт анх удаагаа тоглогдох гэж байгаа нь маш том онцлог. Италийн нэрт хөгжмийн зохиолчдын киноны шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн гайхалтай тансаг тоглолтыг албан ёсны зохиогчийн бүрэн эрхтэйгээр тоглоно.

- Тоглолтод ямар уран бүтээлчид урилагаар оролцох вэ?

- Урилгаар Италийн Венец хотын Дуурь болон симфони найрал хөгжмийн удирдаач Roberto Salvalaio хүрэлцэн ирж оролцож байгаа бөгөөд дуурийн дуучин МУГЖ Э.Амартүвшин /баритон/, Б.Энхнаран /сопран/, Б.Батжаргал /тенор/, хөгжимчин Ц.Нямгэрэл /саксафон/, Э.Батмягмар /альт/, М.Хулан /хийл/, Д.Өлзий-Орших /гитарчин/, УДБЭТ-ын симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

- Тоглолтын бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна ..

- Бэлтгэл ажил хангалттай гэж үзэж байгаа. Гуравдугаар сарын 3-нд болох тоглолтод бид бэлэн. Тоглолт маань ганцхан удаа болно.

- Дээрх тоглолтоос гадна өөр ямар том ажлыг хийхээр төлөвлөж байна вэ?

- “Гранат Мюзик продакшн” гадаад харилцаандаа анхаарч ажиллана. Гадаадын урдаа барьдаг томоохон сонгодог хөгжимчид болон дуучдыг урьж авчирна. Цаашдаа хоёроос гурван томоохон арга хэмжээ, тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж байгаа.  

- Сонгодог хөгжим Монголд хэр хөгжиж байгаа вэ? Ямар төвшинд байгаа гэж та хэлэх вэ?

-Рейтинг, ур чадварын хувьд Монгол Улсын дуучид дэлхийд эхний байрт явж байгаа. Ялангуяа баритон, сафрон хоолойтой дуучдаараа бахархаж байна. Манай тоглолтод дуурийн дуучин МУГЖ Э.Амартүвшин дуулна.

- Тоглолтын үеэр үзэгчиддээ ямар бэлэг барих вэ?

- Мэдээж бэлэг байгаа. Тоглолтын завсарлагаар зочдод зориулсан Италийн Toscana мужийн алдарт вино, амтат хоол бүхий хүлээн авалт болно. Итали аялгууг шимтэн сонсонгоо жинхэнэ Итали дарсны амтыг мэдрэх боломжтой гэсэн үг. Мөн азтай нэг үзэгчид хөрш ОХУ-ын Москва хотноо гуравдугаар сарын 21-нд тоглогдох, XX зууны Италийн нэрт хөгжмийн зохиолч Эннио Морриконе тайзнаа гарсны 60 жилийн ойд зориулсан түүхэн аялан тоглолтын VIP хос урилгыг “Гранат” продакшны зүгээс гардуулна.

Ийн тоглолтын зохион байгуулагчид бэлэн байгаа гэдгээ хэллээ. Мөн Монгол Улсад Итали улсаас суугаа бүрэн эрхт Жлчин сайдын яам нээгдэж байгаатай холбогдуулан, Дэлхийн урлагийн төв амин зүрх нь болсон Итали орны агуу түүхт дуурийн урлагийн мастеруудын алдарт бүтээлүүдээс, түүний салшгүй нэгэн хэсэг болж хөгжиж ирсэн Италийн нэрт хөгжмийн зохиолчдын киноны шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн тоглолтыг анх удаа албан ёсны зохиогчийн бүрэн эрхтэйгээр тоглохоор болсныг онцолж байна.  

Холбоотой мэдээллийг энд дарж уншина уу.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна