МАН-МАХН-ын өдөр

2016/03/01

Гуравдугаар сарын 1. Эх орончдын өдөр. Уг нь энэ өдрийг Монголд цорын ганц нам байсан МАХН /хуучин нэрээр/ байгуулагдсан өдөр хэмээн социализмын үед сүр дуулиантайгаар тэмдэглэдэг байсан.

Эх орончдын өдөр гэхээр эх орондоо хайртай хүн бүрийн, лавшруулж бодвол эх орныхоо төлөө баатарлаг гавьяа байгуулсан гавьяатнуудын тэмдэглэлт өдөр гэж ойлгож болохоор.

Харин өнөөдөр Монголд энэ нь нэг намын буюу МАН-ын өдөр гэж шууд буудаг болоод байгаа юм. МАН /хуучнаар МАХН/-ын гэж өмчлөгдөх болсон энэ өдрийн хувьд бас нэг маргаан дэгдээж болох асуудал үүссэн нь нэг намын туган доор нэгдэж байсан нөхөд сарнин хуучны намын дарга Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр хуучны МАХН гэсэн нэрээр шинэ нам байгуулснаар Эх орончдын өдрийн “хоёр эзэн” гарч ирэхээр болсон.

Өмнө нь МАН, МАХН-ын удирдлагууд тус тусдаа МАХН-ын үүсгэн байгуулагч хэмээх Д.Сүхбаатарын, удаалаад Чингис хааны хөшөөнд цэцэг өргөдөг байсан бол энэ жил МАН, МАХН хамтран Эх орончдын баяраа тэмдэглэлээ. Үүний өмнө МАХН-ын удирдлагын зүгээс баяраа хамтдаа тэмдэглэх албан бичиг талбиж МАН хариуд нь баярыг хамт тэмдэглэж болох бөгөөд энэ нь хоёр нам нэгдэж буй гэсэн үг хараахан биш гэсэн агуулгыг илэрхийлэх “хөрзгөр” бичгээр хариу барьж байв.

Харин өнөөдөр хуучнаар Д.Сүхбаатарын одоогоор Чингисийн талбай хөл хөдөлгөөн ихтэй. МАН, МАХН-ын удирдлага баяртайгаар цэцэг өргөж хамтдаа Соёлын төв өргөөнд баярын хуралдаа тухлав.

Баяраа хамтдаа тэмдэглэсэн энэ алхмыг олонх МАН, МАХН нэгдэхийн эхлэл гэж харж байна. Угтаа тэдний нэгдлийн талаар аль эртнээс яригдсан. Аль аль нь үгүйсгэдэггүй мөртлөө, урагш ахихгүй байгаа нэгдэл.  Асуудлын гол нь МАХН МАН-д дагаар орох ёстой юу, МАН МАХН хүчирхэг хамтрагчид байх ёстой гэхээс илүүтэй намын /эвслийн/ удирдлага хэн байх ёстой вэ гэдэгт л уягдаж, удааширч байх шиг. МАХН-ын дарга экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын төсөрхөн телевизэд өгсөн ярилцлагаас ч энэ тодорхой харагдсан.

“Уг нь удирдлага хэн байх вэ гэдэг дээр л асуудал байгаа юм. МАН манай намыг жижиг нам гэж харж болох л дээ. Би ч уг нь яг дарга больё гээд байгаа юм алга. Манай намынхан л та удирдлага нь байх ёстой гээд байгаа юм” гэх утгатай. Түүний нэлээд урт ээдэрсэн ярианаас ерөнхийдөө МАН, МАХН эвсч гэмээнэ Н.Энхбаяр дарга нь байх ёстой гэсэн санаа хоёрдмол утгагүйгээр ойлгогдож байгаа.

Харин нэгтээ “Их мөрөн шалбаагтай нийлэхгүй” гэж ам гарч байсан МАН-ын “бурхи”-нууд намаас салан тусгаарлаж, өөр нам байгуулж “самарч” орхисон түүнд эвслийн юм уу, нэгдсэн намын удирдлагыг тийм амархан өгчихгүй л болов уу.

Мэдээж хэрэг МАН, МАХН нэгдэж гэмээнэ одоо дээсэн дөрөөтэй эрх баригч байгаа Ардчилсан намын хувьд том саад болно. Үүнээс урьтаад Ардчилсан ИЗНН, МҮАН гэсэн одоо парламентад суудалтай, ардчилсан угшилтай намуудаа нэгтгэх алхмаа хийгээд эхэлсэн.

МАН МАХН-ын баярын инээмсэглэлтэй цэцэг өргөлтийн алхам цаашид хэрхэн өрнөхийг цаг хугацаа харуулах биз ээ. Юутай ч Эх орончдын өдрийн мэнд ээ.

А.Туяа 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • дорж
    Одоо андуураад ч юмуу МАХН-д санал өгөх хүн байхгүй байхаа. Энхбаяраа МАН-д зүгээр л МАХН нэрээ ашиглах бололцоог нь өгөөд жагсаалтанд орохоор тохирчих. МАХН-аас сонгогчдын санал аваад төр удирдахад оролцох хүн нэг ч байхгүйдээ.
    2016 оны 03 сарын 01