ХҮНамын Төв хороо өнөөдөр хуралдаж, намын дарга С.Ганбаатарыг огцруулсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Ингээд тус намын хурлын талаарх мэдээллийг тайлбаргүйгээр хүргэж байна.
ХӨДӨЛМӨРИЙН ҮНДЭСНИЙ НАМ
ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭ
2016 оны 3-р сарын 2-ны өдөр Улаанбаатар хот
Хөдөлмөрийн Үндэсний Нам – ХҮН нам өнөөдөр буюу 2016 оны 3-р сарын 2-ны өдөр Төв Хорооны хурлаа албан ёсоор хийж Намын даргаар Б.Найдалааг сонголоо. Төв Хорооны хурлыг намын дүрмийн дагуу нийт 30 гишүүний ирцтэйгээр хийсэн болно.
Тус намын дарга С.Ганбаатар намын дүрэм зөрчиж хууль бус шийдвэр гаргасны дээр намын дотоод эв нэгдлийг ханган багаар ажиллаж чадаагүй, ЗА андгайгаа зөрчсөн тул албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргалаа.
Түүнчлэн Намын төв хорооны хурлаас ойрын хугацаанд Намын их хурлыг хуралдуулах арга хэмжээ авахыг Удирдах зөвлөлд санал болголоо.
ХҮН нам цааашид өөрсдийн итгэл үнэмшил, зарчимдаа үнэнч байж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ард түмнийхээ эрх ашгийн төлөө хичээн зүтгэх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Төв Хорооны хурал дууссаны дараа намын даргаар ажиллаж байсан С.Ганбаатар болон түүнийг тойрон хүрээлэгчид зарим гишүүдийг тусгаарлан, ташаа мэдээлэл тараан талдаа татахын зэрэгцээ нийт гишүүд, дэмжигчдэд буруу мэдээлэл өгөх ярилцлага, нийтлэлүүдийг хэвлэл мэдээллээр цацаж байгаад гүнээ харамсч байна.
ХҮН намын үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 93110800 утсаар холбоо барина уу.
Сэтгэгдэл байхгүй байна