• Эхлэл
  • М.Болормаа: Эмэгтэйчүүдийн квотыг өөрчлөхийг эсэргүүцнэ

М.Болормаа: Эмэгтэйчүүдийн квотыг өөрчлөхийг эсэргүүцнэ

2016/03/07

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан  Бүгд найрамдахчуудын олон  улсын хүрээлэнгээс “Улс төрд монгол эмэгтэйчүүдийн оролцоо-Бэрхшээл ба Боломж” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Энэ үеэр эмэгтэйчүүд улс төрд оролцоход  тулгамддаг саад бэрхшээлийн тухай болон нэр дэвшихээс эхлэн эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах,  олон нийт эмэгтэйчүүдийн улс төрийн боловсрол, чадварыг үл харгалзан хамааралгүй  зүйлийг анхаарах, сонгуулийн кампанит ажилд өндөр зардлыг даван туулах болдог зэрэг  бэрхшээлүүдийг онцолж хэлэлцсэн юм.

Онцлох илтгэгчдийн тэргүүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа оролцож, эмэгтэй гишүүдийн бүлэг хэрхэн эмэгтэйчүүдийн Засгийн газар дахь оролцоог нэмэгдүүлж байгаа тухай  өгүүллээ.

Ингээд “Улс төрд монгол эмэгтэйчүүдийн оролцоо - Бэрхшээл ба Боломж”-ийн талаар Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга М.Болормаатай ярилцлаа.

-Монголын улс төрд эмэгтэйчүүдийн тоо цөөхөн гэдэг. Үүнд та ямар байр суурьтай байна вэ? Олон улстай хаьцуулахад ямар байсан бэ?

-Мэдээж хэрэг олон улсын хэмжээнд харьцуулбал Монгол Улс хүний хөгжлийн индексээрээ бол нилээн дээгүүрт ордог ч гэлээ жендэрийн коэффциантаараа 100-аас доош орж байгаа. Гэхдээ 2012 оны сонгуулийн дараа харьцангуй амжилт гарсан гэж үздэг. Сонгуулийн хуулинд тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж, 20 хувийн квот тогтоосноор эмэгтэйчүүд УИХ-д анх  удаа 11 гишүүн сонгогдсон. УИХ-ын 11 гишүүн маань энэ дөрвөн жилийн хугацаанд хөндөгдөөгүй байсан асуудлуудыг хөндөж, ахиц гарсан. Гэсэн хэдий ч дуу хоолойгоо нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах төвшинд буюу улс төрийн төвшинд гаргах шаардлагатай байгаа.

Өнөөдөр ядуурал буурахгүй, нийгмийн асуудал маш их хүлээлт үүсгээд байна. Тэгэхээр эмэгтэйчүүд үүнд илүү оролцож нийгмийн хүсэн хүлээж байгаа тодорхой бүлгүүдийн хэрэгцээ шаардлагыг хууль, бодлогод тусгаж байж үр дүнг гаргах хэрэгтэй.

Тиймээс эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог яриад байгаа юм.

-Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр эмэгтэйчүүдийн квотын 30 хувийг бууруулах хуулийн төсөл яригдаж байгаа. Үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

-Саяхан батлагдсан сонгуулийн хуулинд эмэгтэйчүүдийн улс төрийн намуудаас нэр дэвших квотыг 30 хувь болгож баталсан. Баталсан квотоороо улс төрийн намууд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлж, боломжоор хангах шаардлагатай. Мэдээж 30 хувийг бууруулах тал дээр эсрэг байна. Жендэрийн үндэсний хороо болон энэ чиглэлээр ажилладаг ТББ-уудын хамтын хүчин чармайлтаар энэ 30 хувийг батлуулсан. Өнөөдөр 30 хувь хүрэх эмэгтэйчүүд байхгүй байна гэдэг нь улс төрд дийлэнх болсон эрэгтэйчүүдийн хандлага, ойлголт шүү дээ. Тэгэхээр нэгэнт баталсан квотыг өөрчлөх боломжгүй байх гэж бодож байна. Өмнө нь 2005 онд сонгуулийн хуулинд 30 хувь гэсэн квотыг оруулаад яг 2008 оны сонгуулийн өмнө өөрчилж байсан. Ингэснээрээ нийгэмд эсэргүүцэлтэй тулгарч байсан. Тэр үед алдаа гаргаж байсан Их хурлын гишүүд энэ гаргасан алдаагаа ойлгоод энэ квотыг хуулинд нэмж батлуулж алдаагаа засаж чадлаа гэдгийг илэрхийлсэн учраас анхаарах байх, арай ч өөрчлөхгүй байх гэж итгэж байна.

-Парламентын 11 эмэгтэй гишүүн өнгөрсөн хугацаанд эмэгтэйчүүдтэй холбоотой хичнээн хууль тогтоомжыг баталсан бэ?

-Парламентийн эмэгтэй гишүүдийн бүлэг эмэгтэйчүүдийн ТББ болон Жендэрийн үндэсний хороотой өнгөрсөн хугацаанд хамтарч ажилласан. Үүнд Тамхины эсрэг хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулиуд, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн тухай цогц асуудлыг авч хэлэлцсэн байгаа. Нийгэм, эрүүл мэнд, боловсролын чиглэлийн хуулиуд дээр баг, бүлэг болж ажилласан. Эмэгтэй гишүүд маань улс төрийн ямар ч харъяалалгүйгээр нэгдэж ажиллаж чадсан гэдгийг онцолж хэлмээр байна.

Үүнээс гадна БНОУХ-ийн Индонез Улс дахь Суурин төлөөлөгч, жендэрийн мэргэжилтэн Женнифэр Мөбрэй:

-Монгол Улсад Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх асуудлаар олон жил ажилласан. Энэ ажлынхаа хүрээнд тодорхой ахиц гаргасан гэж хэлж болно. Монгол Улсын хувьд олон улсын төвшинд эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлнэ гэж тодорхой амлалтуудыг өгсөн байгаа. Цаашид энэ гаргасан ахицаа баталгаажуулахын тулд эрчимтэй ажиллах хэрэгтэй. Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэг бол хэд хэдэн ажлаас бүрдэнэ. Зөвхөн нэг оролцогч талтай биш олон оролцогч талтай хамтран ажиллах хэрэгтэй гэлээ.

Ч.Гэрэл

 

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин