Хэдхэн хоногийн өмнө МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайдаар томилуулахгүй байгаад сэтгэл нь өвдөн нулимс дуслуулан мэдэгдэл хийсэн. МАХН-ын даргадаа хязгааргүй итгэдэг гэдгээ илэрхийлсэн тэрээр Эрүүл, мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба болон УИХ-ын гишүүн Л.Цог нарыг намаасаа урвасан хор хутгагч шулмас гэж нулимстай нүдээр нотлон хэлсэн. Үүнээс гадна Н.Энхбаярын журмын нөхөр гэгддэг УИХ-ын гишүүн Л.Цог намын дарга нь өөрөөс нэг сая ам.доллар нэхэж байсан мэдэгдэл хийсэн гээд МАХН-ын тойрсон шуугиан татрахгүй байгаа. Тэгвэл өнөөдөр тус намын бас нэгэн лидер гишүүн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва мэдээлэл хийлээ.
Өмнө нь намын дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ намын дарга Н.Энхбаяртаа илгээж байсан түүнийг одоо бас ямар үг хэлэх бол гэсэн хүлээлт үүсээд байсан. Ийн түүнийг намын дэд даргын албан тушаалаасаа татгалзахад нь Н.Энхбаяраас нүүр буруулж байна гэж дүгнэгсэд гарч ирсэн бол басхүү Н.Энхбаяр түүнээс Г.Шийлэгдамба нарын адилаар намын санхүүжилт босгох нэрийдлээр мөнгө нэхэж байгаа учраас ийн залхаж зугтаж байна гэсэн яриа гарсан. Авлигын хэрэгт холбогдоод байгаа Г.Шийлэгдамба ч гэсэн ТВ-д өгсөн ярилцлагадаа “Надаас өмнөх дарга нарыг ч мөнгө босго, үгүй бол албан ажлаа өг гэж дарамталдаг л байсан. Зарим нь “Өмнөөс чинь би шоронд орж чадахгүй ээ” гэж хэлээд албан тушаалаасаа татгалзаж байсан нь бий” гэж хэлсэн нь чухамдаа Д.Тэрбишдагвыг хэлэв үү гэсэн таамаг ч төрүүлж байсан юм.
Харин энэ удаад Д.Тэрбишдагва намынхаа эсрэг ямар нэгэн “эсэргүү” үг хэлсэнгүй. Улс төр, эдийн засгийн байдлын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Иргэд таван цул авч иддэг болсон байна. Эдийн засгийн өсөлт саарч байгаа энэ хүнд үед жижиг дунд үйлдвэр эрхлэгчид мөнгөгүй болж, өрөнд орохын хажуугаар НӨАТ-ын хуулиар далайлгаж байгаа нь зохисгүй” гэв.
Мөн тэрээр
-МАХН, МАН-ын хамтын ажиллагаа эвтэй байх ёстой гэсэн ард түмний хүсэл эрмэлзэл байна. Би 2015 оны дөрөвдүгээр сард “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө МАН, МАХН хамтрах ёстой гэж хэлж байсан. АН-ынхан ч манай хоёр нам эвсч сонгуульд оролцохыг дэмжиж байна. Үүнээс гадна Ерөнхий сайдтай утсаар ярьж Эрүүл мэнд, спортын сайдыг яаралтай томилох ёстой гэж саналаа хэлсэн. Үүнд онцгойлон анхаарна гэсэн хариу өгсөн” хэмээжээ.
Ч.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна