• Эхлэл
  • Хоёр даргатай ХҮН одоо яах вэ?

Хоёр даргатай ХҮН одоо яах вэ?

2016/03/18

Хоёр тамга, хоёр даргатай болоод байсан ХҮН-ын маргааныг өнөөдөр Улсын Дээд шүүх шийдвэрлэхээр болоод байсан. Тэгвэл Дээд шүүх өнөөдөр хуралдаад маргалдагчдийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ.

Албаны эх сурвалж үүнийг “"Хөдөлмөрийн үндэсний нам"-аас ирсэн шинээр сонгогдсон намын даргыг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ” гэж тайлбарлажээ. Өөрөөр хэлбэл, маргалдагч хоёр талаас хоёр хүсэлт гаргаад байсан бөгөөд хоюуланг нь хүлээн авахаас татгалзжээ. 

Шинэхэн имижтэй гарч ирсэн ХҮНамын даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар дарга нь болсноор зөрчил үүсч, хэсэг гишүүд нь гуравдугаар сарын 2-нд намын Төв хороогоо хуралдуулж Б.Найдалаа хэмээх залууг сонгосон. Үүний маргааш нь С.Ганбаатар нар намын Төв хорооны гишүүдээ шинэчлэн өөрчилж мөн л С.Ганбаатар чадамжтай хэвээр байгаа гээд зарлачихсан. Намын тамга Б.Найдалаа нарт байсан бол С.Ганбаатар  нар дараа нь шинэ тамга хийлгэн баталгаажуулснаа мөн мэдэгдсэн.

Ийн хоёр дарга, хоёр тамгатай болсон ХҮН-ы маргааныг хүлээж авсан Дээд шүүх хүсэлтийг хангахаас татгалзсанаас үүдээд одоо цаашид хэрхэх вэ гэсэн асуулт дахиад л нээлттэй хэвээр үлдэх нь. Өөрөөр хэлбэл Дээд шүүхээс намын дүрэм журмаа баримтлан дотооддоо асуудлаа шийдэх ёстой гэсэн тайлбарыг өгсөн бөгөөд бие бие рүүгээ хялалзаж байгаа хоёр хэсэг хэрхэх нь тодорхойгүй хэвээр үлдлээ.

Дашрамд удахгүй Дээд шүүхээс энэхүү шийдвэрийнхээ талаар албан мэдээллийг хүргэнэ гэсэн тайлбар өгөөд байна.

А.Ану

Улсын дээд шүүхийн албан ёсны мэдээллийг энд дарж уншина уу

Хөдөлмөрийн үндэсний намын даргыг бүртгэхээс татгалзлаа


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна