Ёстой л даалуу шиг тойрог. Чавганц, сарлаг, улаан, цагаан ес байхаас эс хамаарч үүлүү, даалуунд хошуурна. Ингэхдээ улаан модонд бас шунамтгай гэж жигтэйхэн. Тиймдээ ч өмнө нь алаг цоог сонголт хийж байсан атлаа 2008 онд час улаалгаж байх вэ дээ. Гэсэн ч 2012 онд буцаад л эрээвэр хураавар мод гартаа атгасан нөхдүүд.
Сонирхолтой нь, Монгол Улсын дөрвөн Ерөнхийлөгчийн гурав нь энэ нутагтай холбоо сүлбээтэй. Жишээ нь, анхны Ерөнхийлөгч П.Очирбат Ерөнхийлөгч асан Н.Багабанди нар энэ нутгийн уугуул бол экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүртэл энэ нутгийн хүргэн гэж байгаа. Гэхдээ хожим нь Увсын хүргэн гэж ярьсан тохиолдол бий.
Юутай ч энэ жил Завханд задгай талбайн зад “хямдрал” явагдах бололтой. Зүй нь нам нь итгэл өвөртлүүлэхгүй бол бие дааж нэр дэвших цөөнгүй хүн эл тойргийг горилж байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуу.
Эрхэм гишүүн асны тухайд өмнөх сонгуулиар нам нь итгэл өвөртлүүлээгүй. Ямартаа л намынхаа удирдлагуудад агсам тавьж, хүйтэн зэвсэгээр зэвсэглэж айлгасан гэх хүний санаанд орохооргүй хачин чигтэй яриа чих дэлссэн нь бий. Түүнээс хойш намынхандаа гоморхож явсан тэрбээр энэ удаад дүүгээ нутаг руугаа илгээхээр шийджээ. Мэдээж урьдын адил нам тийз олгохгүй бол бие дааж нэр дэвших тухай Ш.Батсамбуу мэдэгдсэн гэх. Улмаар тойргийнхноо тордож, өнгөлөх ажилдаа ч орсон сурагтай.
Мөн нам нь даалуу тоглох эрх олгохгүй бол шинэ баг бүрдүүлэхээ мэдэгдээд байгаа хүн нь УИХ-ын гишүүн асан Д.Балдан-Очир. 2012 оны сонгуулиар Р.Раш гишүүн намын бага хурал дээр мань хүний нэрийг дэвшүүлснээр олонхийн дэмжлэг хүлээж, Ш.Сайхансамбуугийн тийзийг булааж дөнгөсөн зайтай эр. Харамсалтай нь, тулааны талбарт хөтлөлцөж гүйсэн намын нөхөр нь урваж, дайсны талтай гар барьснаар гишүүнийг чадаж орхисон. Шороотой хутгалдаж, журмын нөхөртөө чадуулсан тэрбээр энэ удаад даагаа нэхнэ.
Мэдээж нам итгэл хүлээлгэвэл МАН гэх малгайтай зодоглоно. Эс бөгөөс малгай өмсөхгүй гэдгээ ил шулуухан хэлчихдэг. Уг нь “Монгол мал” хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлсэн автор нь чамгүй нэр хүндтэй. Гэхдээ бие дааж нэр дэвшсэн хүмүүс өвдөг шороодож байсан гашуун түүх бий. Өдгөө УИХ-ын гишүүн Д.Оюунхорол намынхандаа гоморхож малгайгаа тайлаад тулааны талбар руу нүцгэн гараараа үзэлцэхээр орсон ч амжилт олоогүй. Иймээс алдаагаа ухаарч дараагийн сонгуулиар хуучин дээлээ өмссөн тохиолдол бий.
Энэ удаад эрхэм гишүүн намын жагсаалтад дээгүүр эрэмбэлэгдэх өндөр нигууртай. Тиймээс тойрог булаалдаж, дээгүүр, доогуур гүйх шаардлагагүй байгаа гэх. Өрх толгойлсон аав, ээжийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр шийдэж, ойрын өдрүүдэд тун завгүй байгаа тэрбээр тойрог руу гүйнэ гэж зөрүүдлэхгүй л болов уу. Иймээс дээрх хоёр нөхөрт шаанс байж мэдэх л юм. Гэхдээ нутгийн зөвлөлийн дарга Б.Энхболдыг мартаж болохгүй. “Сонор трейд”-ийн захирал мань эр ойр ойрхон нутагтаа очиж, хүүхдүүдийн дунд математикийн уралдаан тэмцээнээс эхлээд олон зүйл зохион байгуулж буй. Иймээс бас л тийз булаалдах вий.
Харин АН-ынхны тухайд гишүүн Я.Санжмятав дахин үзэх нь баараггүй болов уу. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан эрхэм гишүүнд нутгийнхан нь уг нь ам сайтай. Гэхдээ мань хүнийг нэг жил өнжөөж биеийнх нь чилээг гаргаж, ажлынх нь ачааллыг буруулдаг тал завханчуудад бий.
Жишээ нь, 2004 онд Я.Санжмятавыг сонгосон ч 2008 онд итгэл хүлээлгээгүй. Дөрвөн жил Засаг даргаар ажиллаж, ойр орчноо сайтар мэдэрч, нутгийнхныхаа дунд орж ажиллахыг сануулсан гэх үү дээ. Ингээд дөрвөн жил туршлага судлуулж, амьдралд ойр байлгачихаад 2012 оны сонгуулиар нийслэл рүү явуулсан юм. Бусад хүнийг төдийлөн ингэж халамжилдаггүй атлаа Я.Санжмятавыг гойд харж үздэг нь энэ. Иймээс ирэх дөрвөн жил элгээлтээр явуулахын оронд нутагт нь амрааж ч мэдэх л юм.
Гэсэн ч АН-аас нэр дэвшихээр зэхэж байгаа олон хүн бий. Тэдний нэг нь Төрийн банкны захирал Д.Батсайхан. Энэ жилийг хүлээж 2012 онд нэрээ татаж байсан тэрбээр ажлаа хүртэл хүлээлгээд өгчихсөн. Ёстой л сонгуулиас өөр бодолгүй яваа нэгэн.
“Шударга ёс эвсэл”-ээс гишүүн Н.Батцэрэг тус нутагт үзнэ гэх мэдээлэл бий. Энэ нутгийн хүргэн Н.Батцэрэгийг 1996 онд дэмжиж УИХ руу илгээж байсан удаатай. Гэхдээ дахин ирэхэд нь найрсагаар угтана гэхэд эргэлзээтэй.
Сэтгэгдэл байхгүй байна