• Эхлэл
  • Л.Гансүхийн хорих ялыг 3,6 жил болголоо

Л.Гансүхийн хорих ялыг 3,6 жил болголоо

2016/03/23

Дээд шүүх Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх нарын өмгөөлөгчдийн гомдлыг хэлэлцэж байгаа талаар бид мэдээлсэн. Шүүх бүрэлдэхүүн зургаан цаг зөвлөлдсөний эцэст 18:00 шийдвэрийг сонсголоо.

Л.Гансүхэд анхан болон хяналтын шатны шүүхээс 4,6 жил хорих ял оноосон байсныг 3,6 жил, Л.Гансүх, Н.Даваахүү нарт 1,7 тэрбум төгрөгийн дүйцүүлэх торгууль оноосон байсныг 1,1 тэрбум болгохоор шийдвэрлэв. Мөн үүгээр шүүгдэгч Л.Гансүх, Б.Мөнгөнтуяа нарын орон сууцыг битүүмжлээд байсныг хүчингүй болголоо.

Нүүрс хөтөлбөрийн гүйцэтгэгчээр ажилласан “Эм Жи Эл Эс” компанийн нягтлан бодогч Б.Мөнгөнтуяад мөн 19,2 сая төгрөгийн мөнгөн торгууль, 1,7 тэрбум төгрөгөөс Л.Гансүх, Н.Даваахүү нартай хуваан дүйцүүлэн торгууль төлөх шийдвэр гаргаад байсан. Нягтлан бодогч бүсгүй ”Ямар нэгэн шийдвэр гаргах эрх мэдэлгүй, ажлаа хийж байсан намайг ялласанд, хууль шүүхийн байгууллагынхан, шинжээчдийн өмнөөс би ичиж байна гэж шүүх хурал дээр хэлж олны анхаарлыг татаж байсан. Харин дээд шатны шүүхээс Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгав. Мөн шүүгдэгч Н.Даваахүүд оноогоод байсан 19,2 сая төгрөгийн торгуулийг 15,3 сая болгож, хоригдсон хугацааг дүйцүүлэн 6,9 сая төгрөгийн торгууль төлүүлэхээр боллоо.

Шүүх хуралд тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн хүсэлтээр ирж оролцсон. Мөн Л.Гансүхийн өмнө сонгогдож байсан Дархан-Уул аймгийн иргэд ирж оролцлоо. Тэд Дээд шатны шүүхээс Л.Гансүхийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатна гэсэн итгэлтэй найдвартай байсан бололтой, ихэд бухимдуу байлаа. Энэ хэрэг жил гаруй шуугиан тарьж, шүүхэд шилжихээс өмнө 10 гаруй хүнийг их бага хэмжээгээр баривчлан саатуулж, ийн Дээд шүүхээр хэлэлцэгдлээ. УИХ-ын гишүүн асан Л.Гансүх өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан ч түүнийг зөвшөөрөөгүй. Тэрээр есөн сар хоригдоод байна. 

Мөн өмгөөлөгч Ц.Баасандорж ч шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлж байлаа. Шүүх хуралдаан шүүгч Б.Батцэрэн, Б.Цогт, Ч.Хосбаяр, Б.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй Т.Уранцэцэг шүүгч даргалан явууллаа. 

А.Туяа

Дээд шүүхийн албан ёсны мэдээллийг дор дарж уншина уу.

Дээд шүүхийн албан ёсны мэдээлэл

Анхан шатны шүүх хуралдааны бичлэгийг дор дарж үзнэ үү.

Шинжээч нар аа, мэргэжил нэгтнээ битгий ингэж доромжлоорой

Б.Мөнхтуяагийн ярилцлагыг дор дарж уншина уу. 

Б.Мөнгөнтуяа: Улстөрчдийн хэлмэгдүүлэлт миний бүх сайн сайхан бүхнийг үгүй хийсэн


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна