• Эхлэл
  • АН-ын үед л ингэх гээд байдаг юм

АН-ын үед л ингэх гээд байдаг юм

2016/03/24

АН-ын засаглалын үед улс төрийн тайзан дээр найруулга муутай, намба төрхгүй драм үе үе тоглогдож, “үзэгчид”-ээ гайхшруулах нь бий. Тэдгээрийн нэг нь энэ долоо хоногийн эхээр Г.Уянга, Л.Цог нар “Шударга ёс” эвслээс гарч байгаагаа зарласан явдал болов.

Одоо тэдний араас туг намируулах хамгийн магадлалтай хүн бол О.Баасанхүү гишүүн бөгөөд үүнийгээ ч жиргээгээрээ илэрхийлж буй. Эвсэл задрах уу, Засгийн газар дахиад ганхах уу,  үүнийг хэн дэглэв гэхчлэн олон асуулт, таамаглалыг ардаа үлдээсэн эрхэм хоёр гишүүний улс төрийн шийдэл АН-ын засаглалын үеийн донсолгоо савалгааны нэг “үзэгдэл” гэж харагдаж байна

Одоо үүний араас хөврөх улс төр асуултын тэмдэгтэйгээр үргэлжилнэ. Иймэрхүү бужигнаан, хэм хэмжээний хэтрэлт, дур зоргын тоглолт, тогтворгүйтэл цэнхрүүдийн эрх барьж байх үеийн зонхилох өнгө зураглал болдгийг монголчууд бараг андахаа больжээ. Тиймдээ ч “Засаглаж чаддаггүй” гэх тодотголыг тэдэнд хаягладаг байх. Үнэн нь тэр. Заавал батлах гээд байх шаардлага ч байхгүй, өнгөрсөн хийгээд өнөө үеийнх нь байр байц бэлээхэн хэлээд өгнө.

“МҮАН-МСДН-ын Ард­­чилсан холбоо” эвсэл сон­гогчдын итгэлийг хуйгаар нь шахуу хурааж, парламентад 50 суудал авсан 1996 оны сонгуулийг эргэн харъя. Тэр жил монголчууд улс төрд шинэ хүчнийг урин залж, Засгийн эрхэнд дангаарших боломжийг нь атгуулсан билээ. М.Энхсайхан Ерөнхий сайдаар сонгогдсон ч жил есөн сарын дараа огцров.  Эвслийн дарга Ерөнхий сайд байх нь зүйтэй гэсэн гаргалгаа хийж, дотоод хуйвалдаанаараа Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдын суудалд урьсан.

Харамсалтай нь түүний Засгийн газар ердөө гуравхан сарын настай байснаараа орчин цагийн улс төрийн түүхэнд өвөрмөц жишиг тогтоосон юм. Харин энэ Засгийн газар үүрэг гүйцэтгэгчээр хагас жил шахам оршин тогтнохдоо гүйцэтгэх засаглалын хойморт хоноцын сэтгэхүйг залж орхиод  явсан билээ.

Ерөнхийлөгч Н.Багабан­дийн дэмжлэгтэйгээр дараа­гийн “ээлжинд” ирсэн Ж.Наран­цацралтын  Засгийн газар бас наймхан сарын дараа ОХУ-ын Ерөнхий сайд С.Степашинд явуулсан захидалдаа Эрдэнэт үйлдвэрийн Оросын хэсгийн хувьчлалын асуудлаар байр сууриа буруу илэрхийсэн гэгдэж  тухайн үеийн УИХ-ын дарга Р.Гончигдоржийн идэвхтэй оролцоотойгоор унаж байсан түүхтэй. 

Ингээд 1999 оны долоодугаар сард Р.Амаржаргал Ерөнхий сайд болов. Ийнхүү Ардчилсан холбоо эвсэл бүрэн эрхийнхээ дөрвөн жилийн хугацаанд дөрвөн Засгийн газрын нүүр үзэж, улс төрийн тогтворгүй байдал гэдгийг жинхэнэ утгаар нь үзүүлсэн юм. Ийм нөхцөлд улс орны хөгжил, эдийн засгийн сэргэн мандалтын талаар ярих нь бараг илүүц биз ээ. Харин ч энэ  дөрвөн жилд Ардчиллын эцэг гэгдэх С.Зориг алагдаж, казиногийн хэрэг мандаж, арилжааны зарим банкуудын ар шилийг харсан гэхчлэн адармаатай олон асуудал нийгмийг дэнсэлгэж байв.

Тэр цагаас хойш иргэдийн итгэл энэ намаас хулан шиг хулжиж одсон. Тэр хулжсан итгэл 16 жилийн дараа буюу 2012 оны сонгуулиар эргэж ирсэн нь одоогийнх. Намба сууж, төлөвшсөн байх гэсэн хүлээлт, цаг хугацааны сануулгатай ирсэн итгэлийн хариуд тэд харин ямар хариу барьж байгааг өнөөгийнх нь авир араншингаас анзаарахад төвөгтэй биш.

Анхнаасаа л орших эс оршихуйн айдастай эхэлсэн Н.Алтанхуягийн Засгийн газар харин хаа очиж 2012 оны наймдугаар сараас 2014 оны аравдугаар сар хүртэл засаглаж,  хамгийн удаан хугацаанд тогтвортой ажилласан гэх тодотголыг намаасаа хүртсэн билээ. Түүнийг засаглаж байх үед ихэнх аймаг Улаанбаатартай засмал замаар холбогдож, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодитой ажлууд хийгдсэнийг үгүйсгэхгүй.

Эдгээр бүтээн байгуулалтыг дагасан эрчим эдийн зас­гийн цусны эргэлтийг сэлбэж байв. Гэвч гай газар дороос гэж АН-ынхан сөрөг хүчинтэйгээ хавсран барьсан гэрээ нурааж, Засгийн газраа унагаав. Тэр цагаас хойш Монголын улс төр, эдийн засаг өөд нар харсангүй гээд хэлчихвэл хэтрүүлэг болно гэж үү.

АН-ын үед азгүйтэл нүүрлэж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ тэн хагас шахмаар унаж, эрэлт нь эрс буурсан. 2012 оноос өмнө жилд хэдэн тэрбумаар хэмжигдэж байсан гадаадын хөрөнгө оруулалт  уруудаж, бүр хасах руугаа оров. Үүний уршгаар ам.доллар догширч, 2000 төгрөгөөс давчихаад байна. Нэгэн цагт Монголын нийгэмд  төлөвшин бүрдэж байсан дунд давхаргынхан эдийн засгийн шуурганд уруудаж ядуучуудын армийг сэлбэв. Эдийн засаг ингэж илэрхийлэгдэж байна.

Засгийн газраа тогтвортой ажиллуулна хэмээн МАН-тай хадаг барьж хамтарсан ч эргүүлээд хөөчихсөн нь улс төрийн соёл, ёс зүй гэсэн ойлголтыг бүр бүрхэгдүүлж орхилоо. М.Энхсайханыг засгаас зайлуулахын тулд “Шударга ёс”-ыг задалж байна гэх хар сэр яваад байна. Хэрэв тийм бол сонгууль хаяанд ирчихсэн энэ багахан хугацаанд дахин бүдэрхээс өөр үр өгөөж бий гэж үү.

Хүн шиг амьдарч улс шиг хөгжих уриа дуудлагатайгаар эрх мэдэлд хүрсэн тэд  фракциудынхаа эрх мэдлийн хэрээс хэтэрсэн амбиц, тэмцэл зөрчилдөөнд хийж бүтээсэн бүхнээ бүрхэгдүүлэн бүдгэрүүлж, улс төрийн тогтворгүй байдлыг хууч өвчин болтол нь сэдрээгээд байх шиг харагдах юм. Намуудын төлөвшил энэ тэр гэж том дуугарахаа болъё, харин хар ярианыхаа хэлээр зүгээр л зангараг гэе. Ийм зангараг, тулх, ноён нуруу, холын барааг ардчилагчдаас хармаар байна. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • diplomat
    hurdan l alga bolood uguuch AN iinhan mini ard tumnii nud horsoj bna
    2016 оны 03 сарын 28
  • Зочин
    Хурдан долоон уулын цаагуур далд ороосой
    2016 оны 03 сарын 28
  • Зочин
    АН-аас зайгаа барь. Үнэхээр новш. Цөөхөн хэдэн монголчууд бид нарыгаа элгээр нь хэвтүүлж байна доо
    2016 оны 03 сарын 28
  • Zochin
    Ed naraas tvrgen salah mini.Songuuliar zail tsaashaa.
    2016 оны 03 сарын 28
  • Зочин
    ардчилсан бол новш эднийг засагт гарахаа ард түмэн амаараа шороо үмхэх юм. дахин бүү төрийн жолоо атгаг.
    2016 оны 03 сарын 28
  • Зочин
    tend bolj bvtehgvi bolovsrolgvi dargantsaruud ih bilee.
    2016 оны 03 сарын 25
  • Зочин
    АН БОЛ ТАСАРХАЙ МОРЬТОЙ МЯНГУУЖИНГУУДЫН НАМ
    2016 оны 03 сарын 25
  • зочин
    үзэхгүй байсаар өнгөрөх юм шиг байна дөө
    2016 оны 03 сарын 24