Нэгэнтээ МАХН-ын дарга Н.Энхбаярыгаа өмөөрөн нулимс цийлэлзүүлэн мэдэгдэл хийж байсан Э.Эрдэнэжамьяан тус намын дэд дарга боллоо.
Өмнө нь тус намын гишүүдийн зүгээс ёс зүйн алдаа гаргасан Г.Шийлэгдамба, Л.Цог болон Ш.Дашдондог нарт хариуцлага тооцох гэж байгаагаа хэвлэлийн бага хурал хийн мэдэгдэж байсан. Намын дэд даргаар ажиллаж байсан Г.Шийлэгдамба 500 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт “унан” баривчлагдан шалгагдаад гарч ирснийхээ дараа “Намын дарга Н.Энхбаяр намын санхүүжилт олж ир. Чадахгүй бол ажлаа өгөөрэй” гэж удаа дараа дарамталж байсан гэж телевизэд ярилцлага өгснөөр намын эсрэг “буруутан” болсон. Мөн тэрээр авлигад авсан гэх 50 мянган ам.доллараа намын дарга Н.Энхбаяртаа өгсөн гэж мэдэгдсэн. Харин намын дарга Н.Энхбаяр үүнийг үгүйсгэсэн юм. Мөн намын дэд даргаар ажиллаж байсан Л.Цог Н.Энхбаяр өөрийг нь нэг сая ам.доллар олж ир гэж нэхэж байсан гэсэн утгатай зүйл ярьж байсан юм.
Ийн МАХН-ын удирдлагууд намын эсрэг ёс зүйн алдаа гаргасан гэх намын дэд дарга нараа өөрчиллөө. Үүнд баасан гаригт хуралдсан МАХН-ын бага чуулганаар намын дэд дарга нараар Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Э.Эрдэнэжамъяан нарыг, Ерөнхий нарийн бичгийн даргаар Ж.Сүхбаатар, нарийн бичгийн дарга нараар Д.Цогтбаатар, Б.Эрдэнэбилэгт, С.Жаргал, Н.Удвал, Б.Тулга, Г.Бямбасүрэн нарыг 100 хувийн саналтайгаар томилжээ.
Өмнө нь намын дэд даргаар ажиллаж байсан Д.Тэрбишдагва өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард өөрийн хүсэлтээр намын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байсан. Тухайн үедээ түүнийг Н.Энхбаяртай муудалцсан гэсэн хардлага дэгдсэн “Би заавал дэд даргаар ажиллах шаардлагагүй” гэсэн хувийн тайлбар хэлж байсан билээ.
Харин Ц.Оюунбаатар Г.Шийлэгдамбыг баривчлагдсаны маргааш нь Эрүүл мэндийн сайдын болон намын дэд даргын албан тушаалаас огцрох өргөдөлд хүчээр шахуу гарын үсэг зуруулсан гэсэн дуулианд холбогдсон. Өмнө нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайдаар нэр дэвшүүлэхэд одоо Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байгаа Ц.Оюунбаатарыг Эрүүл мэндийн сайдаар томилуулах хувилбар яригдаж байсан юм.
Харин Э.Эрдэнэжамьяан Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байхдаа Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа болон тухайн үедээ Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан Б.Тулгын ах Б.Хуяг нарыг эрэн сурвалжлахыг болиулах захидал бичин дэд сайдын албан тушаалаас огцорч байсан юм.
Мөн МАХН-ын санхүү аж ахуй эрхэлсэн нарийн бичгийн дарга П.Цогтбаатар нэг сар гаруй баривчлагдан хоригдож байсан юм.
Ийн ээлжит сонгуулийн өмнө ээлж дараагүй их дуулиан дэгдээж байгаа МАХН-ынхан удирдлагын асуудлаа ямартаа ч шийдэв бололтой.
А.АНУ
Сэтгэгдэл байхгүй байна