МАХН-ын даргын тухай бас нэг шуугиант мэдээлэл нь өнгөрсөн долоо хоногт намынхан бага чуулганы хурлыг хийж, дэд дарга, нарийн бичгийн дарга нараа шинээр томилсон Н.Энхбаяр БНСУ руу эмчилгээгээ үргэлжлүүлэхээр мордсон тухай байв.
АТГ-ын мөрдөн байцаагч нар түүнийг баривчлах гэхээр нь Төрийн ордонд орж “амь хоргодсон” тухай мэдээллийн араас АТГ-ынхан иргэн Н.Энхбаярт мэдүүлэг ирж өгөх зарлан дуудах хуудас таван удаа илгээсэн ч ирээгүй учраас Төрийн ордонд “тааралдаж” бичгээ гардуулах болсон гэсэн утгатай тайлбар хийсэн. Мөн АТГ-д Н.Энхбаярыг хаа тохиромжтой байгаа газар нь очиж мэдүүлэг авах “найрсаг” хүсэлт илэрхийлээд байгаагаа мэдэгдсэн билээ.
Харин үүнийг нь өөрийг нь баривчлах гэсэн арга гэж үзэж байгаа экс Ерөнхийлөгч өнгөрсөн баасан гаригт намын баг чуулганаа хуралдуулаад БНСУ-ыг зорив. Бага чуулганы хуралдаанаар өмнө нь намынхаа нэр төрийг гутааж зохисгүй үйлдэл хийсэн Г.Шийлэгдамба, Л.Цог нарыг дэд даргын суудлаас чөлөөлж, оронд нь Д.Тэрбишдагва, Ц.Оюунбаатар, Э.Эрдэнэжамъяан нарыг томилсон талаар бид мэдээлсэн.
Үүнээс гадна өнөөдөр гарсан албан мэдээллээс үзвэл хэрүүл дэгдээж байсан Шадар сайд болоод Эрүүл мэндийн сайдын асуудлаа нам дотроо шийдсэн бололтой. МАХН-ын зүгээс Эрүүл мэнд, спортын сайдад Ц.Лхагвасүрэнг нэр дэвшүүлэхээр болжээ. Ц.Лхагвасүрэн нь өмнө нь Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн захирлаар ажиллаж байсан. Үүнээс өмнө Н.Энхбаярыг Шадар сайдаар томилуулж, оронд нь одоо Шадар сайдаар ажиллаж байгаа Ц.Оюунбаатарыг Эрүүл мэндийн сайд болгоно гэсэн хувилбар яригдаж байсан. Харин одоо Ц.Лхагвасүрэнг Эрүүл мэндийн сайдад нэр дэвшүүлж байгаагаас үзвэл Н.Энхбаяр Шадар сайд болох хувилбар өөрчлөгдсөн бололтой.
Түүнээс гадна намын дарга нараа сольж холин асуудлаа шийдсэн Н.Энхбаяр мөддөө Монголд ирэхгүй гэсэн яриа гараад байна. Энэ нь мөн л АТГ-аас түүнийг удаа дараа мэдүүлэг өгөхийг дуудаж байгаатай холбоотой бололтой. Гэхдээ Н.Энхбаяр нэгэнт мэдүүлэг өгч, ямар нэгэн бичиг баримтад гарын үсэг зураагүй байгаа болохоор гадаадад зорчих эрх нь нээлттэй байгаа бололтой. Дашрамд сануулахад түүнийг өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө, сонгуулийн өмнөхөн буюу дөрөвдүгээр сарын 12-нд баривчилж, “оймс гозолзуулах” гэсэн “шинэ үг” гарч ирсэн. Ингээд ямартаа ч Н.Энхбаяр ойрын хугацаанд БНСУ-д байх бололтой.
Ийн экс Ерөнхийлөгч Монголд байх хугацаандаа ямар “ажил” амжуулсан, гадагш зорчих эрхтэй эсэх тухай дуулианыг МАХН намын даргаа үдэж өгөхдөө “нанчилдсан” гэсэн мэдээллээр бас хачирлагдаж байна. Сайтуудад мэдээлж байгаагаар бол Н.Энхбаярыг онгоцонд суулгасныхаа дараа хоорондоо муудалцаж, МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга УИХ-ын дэд дарга Л.Цогийн зөвлөх Г.Улаанбаатарыг зодож, танхайрсан гэсэн мэдээлэл гараад байна. Дээр МАХН-ын дарга Л.Цогийг намын эсрэг ёс зүйн алдаа гаргасан хэмээн дэд даргаас нь өөрчилсөн тухай мэдээлсэн. Экс намын дэд даргын зөвлөхийг "Танай дарга Л.Цог бол урвагч. Тийм болохоор чи ч бас урвагч" хэмээн дарамталсан бололтой.
Л.Цог “Н.Энхбаяр намайг нэг сая ам.доллар олж ир гэж дарамталж байсан” гэх утгатай ярилцлага өгч байсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна