• Эхлэл
  • С.Ганбаатарын МЭДЭГДЭЛ

С.Ганбаатарын МЭДЭГДЭЛ

2016/03/29

УИХ-ын гишүүн С.Ганбаатар ээлжит чуулганаар хэлэлцэх Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг эсэргүүцэж энэ Конвенцид Монгол Улс нэгдэх шаардлагагүй гэж үзэн мэдэгдэл гаргасан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Түүний гаргасан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

 

 

МЭДЭГДЭЛ

1. УИХ ээлжит бус чуулган зарлаж 1-д Цөмийн аюулгүй ажиллагааны тухай  1994 оны конвенц, 2-т Монгол Улс 1985 онд Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлт, өөрчлөлтийн протокол, 3-т Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах, 4-т АШИГЛАСАН ТҮЛШНИЙ БОЛОН ЦАЦРАГ ИДЭВХТ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ 1997 ОНЫ КОНВЕНЦИ гэсэн 4 конвенцид нэгдэж орох асуудал оруулж ирж байгаа. Эхний гурвын тухайд биш АШИГЛАСАН ТҮЛШНИЙ БОЛОН ЦАЦРАГ ИДЭВХТ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ 1997 ОНЫ КОНВЕНЦийг эсэргүүцэж байна. Энэ конвенцийг соёрхон баталснаар цөмийн хаягдал булшлах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.

Засгийн газраас оруулж ирсэн танилцуулгын хоёрдугаар нүүрт энэ гэрээ соёрхон батлагдсанаар үүсэх үр дагаврыг "хуулийн төсөл соёрхон батлагдсанаар цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааг хангах дотоодын хяналтын эрх зүйн орчин сайжирч, үйл ажиллагааг олон улсын хэм хэмжээ шаардлагын дагуу хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ" гээд тодорхой бичсэн байна Энэ конвенцийн нэр нь АШИГЛАСАН ТҮЛШНИЙ БОЛОН ЦАЦРАГ ИДЭВХТ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ 1997 ОНЫ КОНВЕНЦ гээд тодорхой заачихсан байгаа бөгөөд 30 хуудас 44 зүйлтэй цөмийн хаягдлын булшлах байгальд суллах, хадгалах байгууламж барих ажиллуулах тээвэрлэх хил дамжуулах бүхий л стандарт шаардлагуудаас эхлээд хяналт аюулгүй байдлыг нь хэрхэн хангах талаарх бүхий л харилцааг зохицуулчихсан байгаа юм.

Монгол Улс 1985 онд Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц 1987 онд Цөмийн ослын талаар шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн болон цацрагийн аюултай байдал бий болсон тохиолдолд тусламж үзүүлэх тухай конвенцид нэгдэн орж байсан. Энэхүү Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколд нэгдэн орохыг Олон улсын Атомын энергийн газраас уриалсан байх ба манай улс цацрагийн жижиг үүсгүүрүүд ашигладаг тул Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох асуудал тавигдаж байгаа билээ. Гэтэл дагалдуулаад дэмжихийн аргагүй асуудал оруулж ирж байгаагаас дэндүү хариуцлагагүй, харамсалтай явдал гэж үзэж байна.

Эдгээр конвенциудаас харахад ч, олон улсын байгууллагуудын байр сууриас үзэхэд ч цөмийн хаягдал булшлахгүй гэсэн хатуу бодлого баримталж байгаа улсын хувьд АШИГЛАСАН ТҮЛШНИЙ БОЛОН ЦАЦРАГ ИДЭВХТ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИИН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ 1997 ОНЫ КОНВЕНЦИД нэгдэн орох шаардлагагүй болох нь тодорхой байна.

2. Конвенцийн XI-д "Цацраг идэвхит хаягдлын тухай тухайн материалын менежментийн аюулгүй ажиллагааг харгалзан үүссэн улсад нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байхын зэрэгцээ тодорхой тохиолдолд нөгөө талын ашиг  сонирхлын үүднээс, ялангуяа хаягдал үүсч буй хамтарсан төслийн хувьд нэг талын нутаг дэвсгэрт байгаа байгууламжийг ашиглах зорилгоор хэлэлцэн тохиролцогч талуудын хооронд хүрсэн тохиролцооны арга замаар ашигласан түлш болон цацраг идэвхит хаягдлын аюулгүй үр ашигтай менежментийг хөгжүүлэх боломжтойг хүлээн зөвшөөрч” гэжээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр цөмийн хаягдлыг үүссэн улсад нь булшлах ёстой гэдгийг зөвшөөрсөн. Нөгөө талаар хамтран төсөл хэрэгжүүлдэг бол тохиролцоод аль нэг улсынхаа нутагт булшлах боломжтой гэсэн үг. Тэгэхээр Монгол Улсаас уран олборлож байгаагаа ашиглан хаягдлаа булшилж эхлэх замаа зассан байна шүү дээ. Алга дарам газрын төлөө өвөг дээдэс минь амиа өгч байсан газар шороог аюулт хог хаягдлын цэг болгох гэж байна.

3. Цөмийн хаягдлыг булшлахгүй, тээвэрлэхгүй, хардлага сэрдлэгийг арилгаж байна гэж байгаа нь цагаандаа гарсан хууран мэхлэлт гэж үзэж байна.
Конвенцийн XI-д “Аливаа улс бусад улсын ашигласан түлш болон цацраг идэвхит хаягдлыг өөрийн нутаг дэвсгэрт импортоор оруулахыг хориглох эрхтэйг хүлээн зөвшөөрч” гэсэн заалт бий. Энэ нь цөмийн хаягдал булшлахгүй гэсэн үг огт биш. Эрх баригчид энэ л ганц заалтаар булхайгаа нууж байна. Бүрэн эрхт, тусгаар улс учир бидэнд ийм эрх угаасаа байгаа. Үүнийг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа тусгачихсан байхад л хангалттай. Үнэхээр цөмийн хаягдал булшлахгүй л юм бол энэ конвенцид нэгдэх шаардлага байхгүй шүү дээ.

4. Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх статусыг би дэмждэг. Гэтэл Монгол төрийн энэхүү олон жилийн турш хамгаалж, дэвшүүлж ирсэн амин чухал бодлогыг ашиглаж, энэхүү луйвраа хийх гэж байна. 2015 оны зургаадугаар сарын 19-ны өдөр УИХ-аар Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай тогтоолыг батлуулахдаа энэ конвенцид нэгдэх үүргийг шургуулчихсан байгаа юм. Сүүлийн үед ард түмний дунд “хуулийн дагуу хулгай хийх” гэдэг нэр томьёо гарчихсан байна. Энэ УИХ, төр засгийн эрх баригчид үнэхээр муу юмандаа гаршчихжээ. Цөмийн зэвсгээс ангид бүс байх, цөмийн хаягдал булах хоёр хоорондоо холбоогүй, эсрэг тэсрэг зүйл бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг хэзээ ч ийм шаардлагыг бидэнд тулгахгүй нь ойлгомжтой шүү дээ.

5. Эрх баригчдын хэлээд байгаа мэдээлэл авах эрхээ эдлэх боломж бусад гэрээ, конвенцуудаар нээлттэй байгаа бөгөөд хаягдал булшлах энэ конвенцид нэгдэн орох нэг ч хүндэтгэх шалтгаан байхгүй юм.


УЛСЫН ИХ ХУРАЛ ЭНЭ КОНВЕНЦИЙГ БАТАЛВАЛ БИ УЛС ТӨРИЙН ЭРС ШИЙДВЭРТЭЙ ТЭМЦЭЛ ХИЙХ БОЛНО.

МОНГОЛ УЛС МӨНХӨД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ.


УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН САЙНХҮҮГИЙН ГАНБААТАР


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна