• Эхлэл
  • Өлсгөлөн зарлаад ч үнэгүйдэх хүмүүнлэг, иргэнлиг ардчилал

Өлсгөлөн зарлаад ч үнэгүйдэх хүмүүнлэг, иргэнлиг ардчилал

2016/03/30

Өнөөдрөөс яг 14 хоно­гийн өмнө УИХ-ын гишүүн Х.Баттулгын тус­лахаар ажил­лаж байсан Г.Түвшин­жар­гал болон “Натур фрэнд­ли” компанийн гур­ван эмэг­тэй ажилтныг Цагдаа­гийн ерөнхий газрын Эдийн зас­гийн гэмт хэрэгтэй тэм­цэх тасгаас баривчилж, Шүү­хийн шийдвэр гүйцэтгэх Ерөн­хий газрын харьяа Цаг­дан хорих 461 дүгээр ангид саатуулсан. Тэгвэл өнөө­дөр Г.Түвшинжаргалыг үргэл­жүүлэн хорих эсэхийг ший­дэхээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүү­гийн хэргийн шүүх эцэслэн шийднэ. Өөрөөр хэлбэл, түү­ний гэм буруутай үгүйг шийдэх хоёр дахь удаагийн шүүх хурал болох юм.

Өөрөөр хэлбэл, түүний гэм буруутай үгүйг шийдэх хоёр дахь удаагийн шүүх хурал болох юм. Ой долоон сартай хөхүүл хүүхэдтэй ээжийг гадуур байцааж болно, эх хүү хоёрыг хагацаан байж хүүг нь давхар шийтгэж хөхнөөс нь хол ийм олон хоног байлгаж болохгүй хэмээн өөрсдийн байр сууриа илэрхийлж яваа гишүүд бол Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар юм. Тэгвэл өчигдөр УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг Г.Түвшинжаргалтай уулзахаар 461 дүгээр  ангийг зорьсон юм. Түүнийг дагалдаж хэвлэл мэдээллийнхэн, Г.Түвшинжаргалын нөхөр Н.Мөнхбаатар, өмгөөлөгч Д.Пүрэвбаатар, МоАХ-ны Удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Байгалмаа нар явлаа. Хэдийгээр өчигдөр тус цагдан хорих ангийн уулзалтын өдөр тохиосон ч бидний зорьсон хэрэг бүтсэнгүй.

Учир нь Г.Түвшинжаргал нь өлсгөлөн зарлаад 50 цаг (өчигдөр өдрийн байдлаар) болж байгаа ба хууль хяналтын байгууллагаас өлсгөлөн зарлах боломжоор нь хангахгүй, албан ёсоор зөвшөөрөл олгохгүй байгаа гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Эрдэнэчимэг, Г.Түвшинжаргалын нөхөр Н.Мөнхбаатар нарын байр суурийг хүргэе.

Л.Эрдэнэчимэг: Түүний сонгосон хамгийн сүүлчийн тэмцэл бол өлсөх

-Г.Түвшинжаргалтай уулзах зөвшөөрөлтэй ирсэн боловч ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн алба хаагчдын зүгээс маргааш 10:00 цагаас уулзах боломжтой гэлээ. Г.Түвшинжаргал өлсгөлөн зарлаад 50 цаг болж байгаа юм байна. Өлсөөд олон цаг болж байгаа болохоор биеийн байдал тун хүнд, босч явах боломжгүй байгааг хэлж байна. Тиймээс ар гэрийнхэнтэйгээ ч мөн ийм шалтгаанаар уулзаж чадахгүй байна.

Маргааш надтай уулзаж чадах эсэхийг сайн мэдэхгүй юм. Хэдийгээр өлсгөлөн зарлаж тэмцэх нь тухайн хүний эрх ч гэлээ албан ёсны зөвшөөрлийг нь одоог болтол өгөөгүй байгаа юм байна. Гэсэн ч энэ хүүхэдтэй ээж өөрөө өлсгөлөн зарлаад эхэлчихжээ. Түүний сонгосон хамгийн сүүлчийн тэмцлийн хэлбэр нь энэ гэж харагдаж байгаа нь харамсалтай. Хэвтэж байгаа орыг нь камерын доор байрлуулаад хянаж байгаа гэдгийг хэлсэн.

Энэ байдлаараа цааш үргэлжилбэл биеийн байдал нь улам дордохоор байна. Аль нэг улс руу зорчих эрхийг нь хязгаарлах, гэрийн хорионд оруулах зэргээр байцаалт, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой хуулийн заалт манайд байна. Энэ заалтыг Г.Түвшинжаргалын хэрэг дээр яагаад хэрэглэж болохгүй байгааг нь гайхаж байна.  

Н.Мөнхбаатар:Хөл дээрээ зогсох ч тэнхэлгүй болж байна

-Зарим нэг хэвлэл мэдээллээр эхнэр, хүүхдээрээ шоудаж байгаа утгатай мэдээлэл тарж байна.  Хүүхэд нь хөхүүл биш ч гэж мэдээлж байгаад нь үнэхээр их харамсаж байна. Хүүгийнхээ уйлахыг харж суугаа эцэг хүнд мөөмөө санаад зовж байгаа нялх үрээрээ шоудах бодол төрөх үү.

Чинэрсэн хөхөө шоронгийн жорлонд сааж энгэрээ суллаж арга ядахдаа өлсгөлөн зарлах эрсдэлтэй хүнд замыг сонгоод байгаа эхнэрээрээ би шоудах уу. Би эхнэртэйгээ өнгөрсөн долоо хоногийн хоёр дахь өдөр уулзсан. Ингэхдээ цонхны цаанаас утсаар ярьж л дуу хоолойг нь сонссон. Өнөөдрийн хувьд эргэлтийн бичигтэй ирсэн ч өлсгөлөн зарласан гээд уулзуулахгүй байна. Маргааш 14 хоног хорих хугацаа нь дуусч байгаа. Шүүх хурал хоёр дахь удаагаа болох гэж байна. Ханийн минь хувь заяаг хааш нь эргүүлж шийдэхийг хэлж мэдэхгүй юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна