Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өчигдөр Монголын эдийн засгийн форумд хэлсэн үг араасаа маргаан дагуулав.
Ерөнхий сайдын сонгуулийн урьтач тоглолт гэмээр энэхүү үг МАН-ынхны эгдүүцлийг төрүүлсэн бололтой.
-Ардын нам ардаа айлгах тактикаар сонгуулийн компаниа хийх шаардлагагүй гэдгийг энд зориуд онцолъё
-Алдагдсан боломжийн хариуцлагыг хэн ч нэхдэггүй болохоор улсаа хорлосон, боломжийг алдуулсан, хөгжлийг гацаасан хүмүүс хамгийн найдвартай маск - халуун эх орончдын дүрд тоглож эхэллээ
- Сүүлийн үед улс төрийн намууд нэг л их тоо ярьсан хүмүүс болоод байгаа. 60:30:10 л гэнэ, 21х100 л гэнэ.
-Гадныхан Монголыг залгилаа гэж 4 жил хашгирсан нам нөгөө гадаадынхандаа орд газраа 60 тэрбумаар зарах гэнэ.
-Гаднаас мөнгө босгохыг эсэргүүцэхээ гол ажил болгосон нам, дэлхийд данстай ганц үйлдвэр, гол төслөө хөдөлгөлөө гэж засагтайгаа хариуцлага тооцох гэдэг манай ууган нам 21 аймагт 100 үйлдвэр бүтээн байгуулах юм гэнэ гэх мэтчилэн хэнд хаяглагдсан дэндүү тодорхой үгийг тэрээр Монголын эдийн засгийн чуулганы индрээс чангаар хэлсэн.
Тэгвэл
-Монгол Улсын өр мэт харагдах боловч нөгөө талаас Засгийн газарт огт хамаагүй юм. Эдгээр нь УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн Эм Си Эс компани, УИХ-ын гишүүн Номтойбаярын Мак компани, УИХ-ын гишүүн Содбилэгийн НИК, Петровис компани зэрэг Монголын олон олон хувийн компанийн авсан зээл юм.
Өрийн тухай яриагаар өөрсдийгөө өдөж явахын оронд өөрийнхээ тавьсан өрийн дороос өндийж авбал дээргүй юу, улс төрч нөхдөө. Та бүхний өөрсдийнхөө эрсдлээр авсан өр зээлийг чинь жирийн иргэд харин төлөх ёсгүй гэдгийг энд хатуухан хэлчихье гэж нэр заан хэлсэн нь анхаарал татаж байв гэсэн үгнээс үүдэн МАН-ынхан Ерөнхий сайдыг уучлал гуйхыг өнөөдөр шаардлаа.
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат “Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болохдоо ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжээ дэмжинэ, риск тавиад ч хамаагүй эд нарын төлөө явна гэж ярьж байсан. Гэтэл одоо үндэсний компаниудаа улс төрийн намаар нь ялгаварлан гадуурхаж эхэлж байна. Улстөрчид нь намаараа талцдаг юм байгаа биз, аж ахуйн нэгжүүд ямар буруутай юм. МАК, MCS, “Сод Монгол” энэ гурван компани сүүлийн 10 жилд хамгийн их ажлын байр бий болгосон, топ татвар төлөгч, Монгол Улсын эдийн засагт маш том хөшүүрэг болж явж байгаа. Тийм байтал улстөрийн агуулгатай мэдэгдэл хийлээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөгжлийн банкийг шалгасан учраас аж ахуйн нэгжээр нь далимдуулж дайрлаа. Н.Номтойбаяр гишүүн УИХ-ын даргыг Үндсэн хууль зөрчсөн гэдэг баталгааг Үндсэн хуулийн цэцэд гаргаж өгсөн учраас, О.Содбилэг гишүүн Оюутолгойн Дубайд хийгдсэн гэрээг Монгол Улсад хохиролтой болсон гэдгийг мэдэгдсэн учраас аж ахуйн нэгжээр нь дамжуулж дайрч байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аж ахуйн нэгжүүдээс уучлал гуйх ёстой” гэлээ.
МАН-ынхан зөвхөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг уучлал гуйхыг шаардсанаас гадна “УИХ-ын дарга З.Энхболдыг дэг зөрчин ээлжит бус чуулганыг зарласан. Ээлжит бус чуулганыг зарлаж байгаа тохиолдол бүр нь өөрөө “но”-той. Авлигачдыг өршөөх, Засгийн газраас сайд нарыг хөөх, Үндсэн хуулийн цэцийн даргыг чөлөөлөх, цөмийн хог хаягдалтай холбоотой конвенцийг батлуулах болохоор зарласан. Ийм хууль зөрчсөн үйлдлийг өөгшүүлж чадахгүй, энэ байдлаа засахгүй бол УИХ-ын даргад хариуцлага тооцох асуудлыг хаврын чуулганаар хөндөж болно” гэж мэдэгдэв.
Ийн МАН-ынхан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нарын асуудлыг хөндөж эхлэв бололтой.
А.Ану
Сэтгэгдэл байхгүй байна