• Эхлэл
  • Эрүүл мэндийн сайдыг томилохыг шаардав

Эрүүл мэндийн сайдыг томилохыг шаардав

2016/04/01

УИХ-ын гишүүн А.Тлейхан, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт нар Эрүүл мэнд, спортын сайдын томилгооны асуудлыг нэн даруй УИХ-д өргөн мэдүүлэхийг шаардаж Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт албан бичиг хүргүүллээ.

Шаардлагад "Эрүүл мэндийн салбар эзэнгүйрч байх хооронд 2010 оноос хойш манай улсад бүртгэгдээгүй улаанбурхан өвчний тохиолдол илэрч, зөвхөн энэ онд 9000 гаруй  хүн өвдсөн байна.

Уг өвчний нөхцөл байдалтай УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн гишүүд гуравдугаар сарын 18-ны өдөр танилцахад 10 гаруй хүүхэд эндсэн, эмчлүүлэх өвчтөний дараалал үүсэж, хэвтэх ор хүрэлцээгүй болж, сэхээн амьдруулах тасгийн нэг орон дээр хоёр хүүхэд хэвтэн эмчлүүлж, хоёрхон аппаратад ээлжлэн орохоор дугаарлаж буйн улмаас өвчлөгсдийн биеийн байдал улам хүндэрч, эдгэрэлтийг удаашруулж, цаашид ч хүндрэх хандлагатайг салбарынхан мэдээллээ. Энэ бол тус салбарт үүсээд буй нөхцөл байдал, уруудал доройтлын ганцхан жишээ юм.

Эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа алдаа дутагдал нь удирдлага зохион байгуулалттай холбоотой, Засгийн газрын хариуцах асуудал бөгөөд дээрх өвчлөлийг таслан зогсоох, хүний амь насыг дахин хохироохгүй байх тал дээр яаралтай арга хэмжээ авах, 2012-2016 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан “Эрүүл чийрэг монгол хүн” зорилтынхоо хэрэгжилтийг ард иргэддээ тайлагнахыг шаардаж байна" хэмээжээ.

Угтаа бол Засгийн газрын гишүүний орон гарсан тохиолдолд Улсын Их Хурал 30 хоногийн дотор түүнийг нөхөн томилно гэж заасан байдаг аж.  Гэвч Засгийн газрыг бүрдүүлсэн улс төрийн нам, эвсэл, доторх бүлэглэл, улстөрчдийн дотоод зөрчлийн улмаас дөрвөн сар эрүүл мэндийн салбар эрхэлсэн сайдгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Харин иргэд салбарын эзэнгүй байгаа байдалд санаа тавих болсон нь сонгуультой холбоотой хэмээн үзэж байна. Ингээд санал бодлыг хүргэе.

Иргэн: Сонгууль болох дөххөөр гэнэт эрүүл мэндийн салбар эзэнгүй болсонг санаж байгаа хэрэг. Хүн амыхаа эрүүл мэндээрээ ингэж наадаж болохгүй. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбарыг эрхэлсэн сайдгүй байлгасаны хариуцлага, амь насаа алдсан хүүхдүүд, энэлж шаналсан олон арван ээж аавын сэтгэл санааны хохирлыг хэн төлөх юм.

Иргэн: Засгийн газар арай дэндүү чадваргүй байна. Хойшид сонголтоо зөв хийх хэрэгтэй. Гэвч сонголт хийх гэхээр хүсээд байгаа хүн нь биш учир яалт ч аргагүй сонгоно. Үүний дараа та бүгдийн сонгосон сонголт гэж ард түмэн рүү турхирах болно. Яах ёстойг мэдэхгүй.

Иргэн: Энэ асуудлыг мартаад хэр удсан билээ. Одоо ингэж байгаа нь сонгууль дөхөхийг хүлээсэн юм болов уу. Улс төр хийх цаг нь болж сандраад байгаа байх.

 

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна