• Эхлэл
  • Л.Гансүх:Би уучлал хүсэхгүй, “ял”-ыг эдлээд гарна

Л.Гансүх:Би уучлал хүсэхгүй, “ял”-ыг эдлээд гарна

2016/04/03

Нүүрс хөтөлбөрөөс хөрөнгө шамшигдуулсан гэгдсэн тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх нарт холбогдох хэргийг өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд Дээд шүүх хянан хэлэлцээд зарим торгуулийг багасгах, зарим ялыг хөнгөрүүлж, хөтөлбөрийн хэрэгжүүлэгч компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. /Холбоотой мэдээллийг энд дарж үзнэ үү/

Анхан шатны шүүхээс энэ хэргийн холбогдогчид 1,7 тэрбум төгрөгний хохирол учруулсан гэж ял оноосон ч хохирогч гээд байгаа “Багануур” ХХК ганц ч төгрөгний хохирол хүлээгээгүй, харин ч ашигтай ажилласан, албан тушаалаа ашигласан гэж байгаа ч Л.Гансүх ямар ч шийдвэр гарах албан тушаалтан бус, зөвхөн зөвлөхөөр ажилласан, тэр тусмаа хамт ял сонссон Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нар нь шийдвэр гаргах төрийн албан хаагч, албан тушаалтан бус хувийн компанийн ажилтнууд байсан тухай шүүхэд мэдүүлсэн боловч ийн яллагдсан гэж өөрсдөө ч өмгөөлөгч нар нь ч тайлбарласан.

Албан тушаалаа урвуулан ашигласан, тэрбум тэрбумаар нь хөрөнгө ашигласан гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлээд байсан энэхүү хэргийн анхан шатны шүүхийн таван өдрийн хуралдааныг телевизээр дамжуулснаар олон нийт мөрдөн байцаагч болон хохирол тодорхойлсон гэж буй шинжээч, аудитын мэргэжилтнүүдийн талаар гайхаширсан ойлголттой үлдэж, багагүй шүүмж дэгдээж байсан билээ.

Учир нь “Багануур” ХХК эрчим хүчний буюу технологийн нүүрсийг 19500-20500 төгрөг, иргэд өөрсдийн унаагаар уурхайн амнаас авч буй нүүрсийг 25 000 төгрөгөөр үнэлдэг. байсан. Харин “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд нүүрсийг Багануурын уурхайд нунтаглаж, шигшээд нунтгийг нь эрчим хүч буюу ТЭЦ-үүдэд өгөөд нунтагласан нүүрсийг 27 500 төгрөгөөр “Багануур” ХХК-аас авахаар тохирсон. Энэхүү үнэд нүүрсийг нунтаглах шигших гэх мэт ажиллагааны зардал шингэсэн гэж тайлбарласан ч аудитын байгууллагаас нүүрсийг 39 000 төгрөгөөр авах боломжтой байсан гэж дүгнэснээр энэхүү зөрүү мөнгө Л.Гансүх нарт ял болсон гэж өмгөөлөгч тайлбарладаг. Гэвч яагаад 39 000 төгрөгөөр нүүрсийг үнэлэх ёстой гэж аудит болон шинжээчид тайлбарласан нь тодорхойгүй. Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нар бус “Багануур” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл уг үнийг тогтоосон гэсэн тайлбар байдаг. Ийн шинжээчдийн 39 000 төгрөг гэснээр хохирлыг тогтоож, шүүхээс ял оноосон болохыг олон нийт таван өдрийн шүүх хурлаас харсан биз ээ.                                          

Ийн шүүх хурал нээлттэй явсны “ачаар” яллагдагч Б.Мөнгөнтуяагийн шүүх хуралдаан дээр хэлсэн үг ч олон нийтэд багагүй цочрол төрүүлж, хүмүүсийн дэмжлэгийг авсан юм. /Б.Мөнгөнтуяагийн ярилцлагыг энд дарж үзнэ үү/

Ингээд Дээд Шүүх Б.Мөнгөнтуяагийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаснаар хоёр жил луйварчин хэмээн чичлүүлж, зургаан сар хоригдсон бүсгүйг эд материалын болон сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэхэд буруутах зүйлгүй гэсэн давлагаа сошиал ертөнцөөр хүчтэй байсан.

Харин Л.Гансүхийн хувьд анхан шатны шүүхээс 4,5 жилээр хорих ял оноосныг 3,6 жил болгосон хэдий ч өмгөөлөгч нь болон өөрөө гэмт хэрэг хийгээгүй мөртлөө хэлмэгдсэн гэж үзэж байгаа юм. Тэгвэл Л.Гансүх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан захидал илгээсэн байна. Гэхдээ тэрээр захидалдаа ямар нэгэн уучлал, өршөөл хүссэнгүй, харин хийгээгүй хэргийнхээ төлөө хэлмэгдэж байгаа ч гэсэн уучлал гуйхгүй, энэ “ял”-ыг чинь эдлээд гарна гэж мэдэгджээ. Ингээд Л.Гансүхийн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гэр хорооллын иргэддээ нүүрсийг шигшиж, шуудайлж өгөх Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг зохион байгуулсан миний бие болон, байгуулсан гэрээний үүргээ ямар ч зөрчилгүй биелүүлсэн компаний захирал Даваахүү бид нарыг гэрээнд байхгүй үнийн зөрүүгээр 1,1 тэрбум төгрөгийн хохирол Багануур компанид төлөх, намайг 3,6 жил шоронд хорих, 4 жил төрд ажиллах эрхийг хасахаар шүүх эцэслэн шийдвэрлэлээ.
Шинэчлэлийн ЗГ-ыг, ерөнхий сайд Алтанхуягийг унагахын тулд улс төрчдийн захиалгаар энэ зохиомол хэргийг үүсгэн АТГ, прокурор, шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийг ашиглан энэ хэлмэгдүүлэлтийг хийлээ.
Хөтөлбөрийн хүрээнд Багануурын уурхай нэг ч төгрөгний зардал гаргаагүй харин ч шигсэн нүүрсийг цааш нь үнэ нэмж зарж 3 тэрбум төгрөгийн ашиг олсон. Түүгээр ч зогсохгүй ЗГазар 18,6 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож 400 сая тоннын нөөцөө хувийн компанид алдсанаа ЗГ-аар шуурхай шийдвэрлүүлж авснаар эдийн засгийн хувьд ихээхэн чадавхижиж 2014 онд ажилчдаа 5 сарын цалингаар урамшуулж байсныг энд дурдья.
Мөнгөнтуяаг 6 сар шоронд хорьж, 2 жил хэлмэгдүүлээд эцэст нь Дээд шүүхээс цагаатгалаа. Энэ улс төрийн захиалгат зохиомол хэргийн үнэн учрыг Монголын ард түмэн 5 хоногийн шүүх хурлаас харж, биднийг үнэндээ цагаатгасан гэдэгт итгэдэг. Намайг дэмжиж ирсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлье.
Гансүх миний бие ард иргэдээ хямд нүүрсээр хангах ажлыг зохион байгуулсны төлөө зохиомол хэргээр хэлмэгдэж улс төрийн хэрэгтэн боллоо. Би цаашдаа ч ард түмнийхээ төлөө зүтгэнэ ээ, тэгэхдээ хийгээгүй хэргийн төлөө уучлал хүсэхгүй, энэ “ял”-ыг эдэлж дуусгах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Иргэн Л.Гансүх 2016.03.30

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна