• Эхлэл
  • Хаврын чуулганы хатавчаар шагайвал

Хаврын чуулганы хатавчаар шагайвал

2016/04/04

Маргааш буюу дөрөв­дүгээр сарын 5-нд УИХ-ын хаврын ээлжит чуулган нээлтээ хийнэ. Энэ чуулганыг онцлох хэд хэдэн шалтгаан буй. Юуны өмнө З.Энхболдын тэргүүлсэн парламентын отгон чуулган гэдгийг тодотгох нь зүй байх.

Тэгэхээр хууль тогтоогчдын хувьд эрх зүйн шинэчлэлийн хүрээнд бодож төлөвлөснөө гүйцээх үлдэж буй боломж нь энэ чуулган. Аливаад хамгийн сүүлчийн өнгө будаг илүү хоногшиж үлддэг жирийн үнэн буй.

Энэ утгаараа отгон чуулган олон нийтэд ямар сэтгэгдэл үлдээхээс ирэх сонгуулийн өнгө бас хамаарна. АН-ын эрх барьж байгаа цаг хугацааны нүүр тахалж, сонгуульд барих “мод” байх ёстой хуулиуд хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ гэсэн иргэд сонгогчдын хүлээлт ч бас байгаа нь тодорхой.

Энэ удаагийн парламентыг хамаг цаг хугацааныхаа ихэнхийг томилгоо хэлэлцэхэд зориулсан гэх шүүмжлэл байдаг. Энэ ч бас үнэн. Гурван жил гаруй хугацаанд хоёр ч Засгийн газрын нүүр үзэж, Шийдлийн эвсэл задарсны дараа зарим яамны сайд нарыг томилох гэж ихээхэн цаг хугацаа зарцуулсан. Зарим томилгоо нь одоо ч хийгдээгүй байна.

Тийм болохоор хаврын чуулган хурдтай бас хариуцлагатай байх ёстой. Учир нь хоног хугацаа давчуу, дараагийн ажил их үед хуралдаж, Монголын ард түмэнд улс төр, эрхзүйн ийм өв үлдээж байна гэдгээ харуулах цаг үе нь тулчихаад байгаа болохоор тэр. Намрын чуулганыг хаах үеэр Байнгын хорооны дарга А.Бакей хаврын чуулганаар 161 хууль тогтоомжийг хэлэлцэхээр төлөвлөж байгааг дуулгасан юм даг.

Өнгөрөгч хоёрдугаар сарын эхэнд намрын чуулганыг хаасан. Тэрбээр мөн хэлэлцүүлгийн  шатанд 84, өргөн мэдүүлсэн 68 хуулийн төсөл байгааг мэдээлж байв. Ийн дараагийн чуулганд даатгаж үлдээсэн олон хууль одоо ээлжээ хүлээж буй.

Эдгээр өргөн баригдсан хуулиудын  дунд Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл гарын арван хуруунаас давна. Санаачилсан хуулиудыг нь хэлэлцэхгүй байгаад Ерөнхийлөгч бухимдлаа өнгөрөгч долоо хоногт хуралдсан Монголын Эдийн засгийн форумын индэр дээрээс илэрхийлнэ билээ.

Тэрбээр “УИХ-д одоо маш богино хугацаа байна. УИХ өнөөдөр 3 дахь өдрөө хуралдаж чадахгүй талцаад, хэрэлдээд сууж байна. УИХ дээр цацраг идэвхт бодис тойрсон конвенциудыг нэг нь ярина гээд, нөгөө нь ярихгүй гээд сууж байна. Харин үүнийхээ оронд Хариуцлагын тухай хуулийг хурдан ярь. Төрийн албаны хуулийг хурдан яриач. Үүнийг эднээс шаардаасай. Цаг маш бага үлдсэн”  хэмээн өөрийн санаачилсан хуулийн төслүүдээ нэрлэсэн. 

Хариуцлагын тухай хуулиар  бүх сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцдог болж тэднийг эргүүлэн татдаг болъё гэж байгаа бол  Төрийн албаны хуулиар улстөрчид төрийн алба бусниулдгийг зогсоох төсөл барьсан гэж буй. Аль ч талаас нь харсан нийгэмд хүлээлттэй байгаа эрх зүйн орчин мөн. Харин хэлэлцэх эсэх нь хаврын чуулганы мэдэх хэрэг.

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн  сарын 28-ны өдөр Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай 41 тоот захирамж гаргасан. Энэ дараалал ёсоор “Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг эхлэн хэлэлцэх юм байна. 

Харин энэхүү дараалалд орсноос харвал төсвийн эргэн тойронд хэд хэдэн хуулийн төсөл хэлэлцэхээс гадна “Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг батлах тухай”  тогтоолын төслийг хэлэлцэхээр тусгажээ. Түүнчлэн  Гэр бүлийн болон  Төрийн шагналын тухай, Худалдааны тухай хуулийн төсөл орж буй.

Хаврын чуулган нээлтээ  хийсэн эхний долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдэхээр товложээ. Урьд нь өргөн баригдсан ч одоог хүртэл хууль тогтоогчдын хүрэн зандан ширээнд хадгалагдаж, хувь заяа нь тодорхойгүй хуулийн төслүүд дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан 10 шахам хуулийн төсөл цохьж явна билээ.

Тухайлбал,  Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслүүд, Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,  Үндэсний аюулгүй байдлын тухай, Төрийн болон албаны нууцын тухай болон Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл гэхчлэн. Эндээс харвал Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хадгалж “хараалгаж” байснаас хэлэлцэх эсэхээ нэгмөсөн бөөндөөд шийдчихье гэж байгаа бололтой. Дашрамд дурдахад, Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслүүдийг 2015 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлж байсан юм. 

Дархан эрхтэй данагар дарга нар, хулгай хийчихээд газар дээрээ баригдаагүй л бол хулгайд тооцогддоггүй  дэлхийд ганцхан өвөрмөц хуультай манайх шиг орон уг нь энэ хуулийг баталж баринтаглачихаад сонгогдох гэж үйлээ үзэж яваа горилогчдыг  адислаж баймаар байгаа юм. 

Хаврын чуулган эдийн засгийн салбарт эрэлт ихтэй байгаа Татварын багц хууулийг хэлэлцэн батлах учиртай. Тодруулбал, Татварын Ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиуд юм.  Түүнчлэн Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг  хэлэлцэх магадлалтай.

Хаврын чуулганы хатавчаар шагайхад  иймэрхүү дүр зураг харагдаж байна. Энэ чуулган үндсэндээ хоёр сар хүрэхгүй хугацаанд хуралдана.  Тэгэхээр цаг хугацааны ийм хязгаарлагдмал орон зайд зөвхөн чухлыг нь гэсэн зарчмаар л асуудлаа авч үзэх биз ээ.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна