Ардчилсан намын лидерүүд өөр зуураа зодолдож, улстөрчдийн үсэргэсэн шүлс иргэний нүүрэн дээр бус сэтгэлд буух нь балмагдмаар хэцүү.
Өөрийн аясаар хөтөлж болох байсан амьдралд улстөрчдийн гаргасан шийдвэр, зөрчилдсөн зөрчил хутгалдаж орохтой зэрэгцэн туйлдсан иргэн яахан зориг орох. Зориг орлоо ч тэрхүү зоригийг нь тал талаас өмчилж, нэг нэгэн рүүгээ чулуу болгон шидэлсээр тэмцэхээс ч залхах нь олон болов.
Харин энэ үед Монгол ардын нам хярсан муур мэт гэтэж, алга ташилтын чимээ хадаах нь байх л нэг үзэгдэл аж. Учир нь, тус намынхны хувьд сонгуулийн далайлт болгон пи-араа идэвхийлэх шаардлага ч үгүй боллоо. Хамгийн хүчтэй өрсөлдөгч болох Ардчилсан нам нь дотооддоо зодолдож, тэрхүү зодооноо олон нийтийнх болгохоор чармайж байхад тэд юу ч хийх шаардлагагүй болсон нь энэ юм. Нэг ёсны МАН-ын сонгуулийн бэлтгэлийг Ардчилсан нам дангаараа хариуцан хийгээд байна уу гэлтэй.
Тэр дундаа шударга бус бүхэнтэй тэмцэхийг хүсвэл Ардчилсан намыг засгаас холдуулах, цаашлаад эрх барих тэнхээгүй болгох нь тус намын лидерүүдэд ашигтай байж болох. Гал голомтноосоо эхлүүлсэн баривчилгаа нь гал голомтыг нь самрахын дайнд хүргээд байгаа болохоор тэр шүү дээ. Иймээс олон нийтийн дунд “МАН нь арай дээр байж” гэдэг итгэлийн хүлээлт аль хэдийнэ бий болчихов. Ядаж л дарга нь дарга шиг харагдаж, дарга шиг зангараг заадаг юм гэх. Тэр зангаргыг халах гэж Ардчилсан намд итгэл хүлээлгэсэн монголчууд өнөөдөр харамсал илэрхийлэн, хөөтэй тогооныхоо хөөг хусах ч тэнхэлгүй болтлоо туйлдаж буй.
Яг энэ үед Монгол ардын нам тулх заах үүрэг хүлээх нь гарцаагүй. Гэхдээ ингэж бичлээ гээд үзмэрч үүргийг өөртөө хүлээлгэсэн хэрэг биш. Гагцхүү нөхцөл байдал ийн бичихэд хүргэв. Тиймээс Монгол ардын нам “Монголоо аваръя” гэх уриатай улаан шарыг тунаруулсан хөдөлгөөнийг үүсгэн байгуулж.
Янз нь Ардчилсан намаас Монголоо аврахыг хүссэн нь тэр байх. Ер нь чиг аварчихаасай. Алийн болгон Ардчилсан намд эрх мэдэл өгч төрийг ч, түмнийг ч самрааж байх билээ дээ. Тэртээ 1996-2000 оны засаглалын нуралт. Хүйтэн дурсамж. Засаг нь огцордог, өөр зуураа гомдоллодог. Тэр үед төрсөн гомдлоороо өдгөө фракц гэгчээ хүчирхэгжүүлж, эцсийн бүлэгт хууль, шүүхийг ч өмчилчихлөө. “Амьдрал алдаа, оноотойгоо сайхан” гэж нэг үг байдаг.
Гэхдээ энэ нь төрийн эрх барьж буй намд яасан ч хамаарч болохгүй хэлц. Хэрэв тэд “Бид алдах эрхтэй” гээд алдаад байвал Монгол Улс юу болж хувирах вэ. Ийм учраас МАН-ынхны алга ташилтын чимээ ойрхон сонсогдох шиг. Нөхцөл байдал нь тэдэнд сайхан харагдах боломжийг олгож байгаа учраас арга ч үгүй.
Сураг сонсох нь ээ, тус намынхан дотооддоо ялалтын дуугаа аялаад эхэлчихсэн. Тэр ч битгий хэл “АН-ын зодоонд оролцохгүй” гээд улс төрийн хатуу ширүүн үйл явдлаас зайгаа барьж буй чимээ бий. Цаашлаад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн удирдаж буй гэх хууль, шүүхийн үйл ажиллагаа тэр дундаа Авлигатай тэмцэх газрынхан Ардчилсан намынхныг хамруулсан баривчилгаагаа улам бүр дэлгэрүүлээд эхэлбэл тус намынханд ашигтай.
УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон УИХ-ын дарга З.Энхболдын ахлах зөвлөхөөр ажиллаж буй Зам, тээврийн сайд асан А.Гансүх... Үйл явдал ердөө хэдхэн хүний нэр дээр хаяглагдах мэт боловч угтаа Ардчилсан намыг өдий дайнд хүргэхэд чамгүй их хувь нэмэр оруулсан лидерүүд. Тэд харамсалтай нь Ардчилсан намын үед дээлээ нөмрөх, хувь заяагаа тоглоом болгох цаг ойрхон. Эс бөгөөс улс төрөөс албан ёсоор гарах.
Монголын Ардчилсан холбоог татан буулгах. Нэг бол бусдад хүлээлгэн өгөх. “Алтангадас” фракц Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороонд үүсгэсэн гишүүнчлэлийн буухиаг таслах. Нөгөө хувилбар нь албан ёсоор бууж өгөх. Ингэснээр Ардчилсан намын дотоод зөрчил нэг хэсэгтээ л намжина. Гэхдээ өс хонзон нь өв уламжилбал тэд бүхлээрээ сүйрнэ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг зүгээр тавьж явуулахгүй цаг мөнхөд дарамталж байгаатай адилхан.
Тиймээс Монгол Ардын намын алга ташилт улам бүр амь орж, ялалтын барианд ороосой гэдэг хүсэл олон түмнээс ундарч байгаа хэрэг. Улс төр ийм хэврэг бас их барьцгүй. Саяхан Монгол Ардын намыг УИХ-аас холтгож гэмээнэ Монголын төр цэвэрших тухай сэтгэл алдарсан монголчууд өнөөдөр тэднийгээ горилох нь их боллоо. Ийм байдалд хүргэснийх нь төлөө Ардчилсан нам та биднээс уучлал гуйх ёстой. Ард түмний итгэлийг олны эрх ашиг нэрийн дор нухчин гишгэснийхээ төлөө шүү.
Сэтгэгдэл байхгүй байна