УИХ-ын хаврын чуулганы нээлтийн дараа уламжлал ёсоор УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн хуралдаан боллоо.
Бүлгүүдээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ гэсэн албан мэдээлэл байсан. Уг хуулийн төсөлд Ерөнхий сайд болон Хууль зүйн сайд, Гадаад хэргийн сайд, Сангийн сайд нарыг УИХ-аас, бусад сайд нарыг гаднаас томилох санал дэвшүүлсэн. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн удтал ярьсан “давхар дээлийг тайлуулах” хууль болох ёстой юм. Харин хэрэгжих хугацааг нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа гэж товлоод байгаа билээ. Ингээд УИХ дахь нам, эвслийн бүлгийн хуралдааны талаарх мэдээллийг хүргэж байна.
МАН-ын бүлэг:З.Энхболд, Ч.Сайханбилэг нарт хариуцлага тооцно
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд “Дэмжих нь зүйтэй” хэмээн үзжээ.
Ямартаа ч Ерөнхийлөгчийн төслийг тус бүлгийнхэн санал нэгтэй дэмжсэн байна.
Удаахь хэлэлцсэн асуудал гэвэл өмнө хэдэнтээ яригдсан УИХ-ын дарга З.Энхболдод хариуцлага тооцох тухай. Түүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Эдийн засгийн чуулганыг нээж хэлсэн үгэндээ аж ахуйн нэгжүүдийн өөрийн хөрөнгөөрөө дэнчин тавин авсан зээлийг мушгин гуйвуулсан, мөн Монгол Улсын гадаад харилцаанд сэв суулгахуйц хариуцлагагүй мэдэгдэл хийсэн тул үүнийгээ засч залруулах ёстой хэмээн үзжээ. Өмнө нь тус намынхан мөн энэ талаар хэвлэлийн бага хурал хийж байр сууриа илэрхийлж байсан
Тэд УИХ-ын дарга З.Энхболдод хэрхэн хариуцлага тооцох нь тодорхойгүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тухайд ч гэсэн алдаагаа залруулахгүй бол хариуцлага тооцох асуудлыг тавих болно гэсэн ээлжит үгээ УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр мэдэгдлээ.
АН:Н.Алтанхуягийн тухай асуудал яриагүй
Ардчилсан намын зүгээс бүлгийн хуралдааны талаар албан ёсоор мэдээлэл хийсэнгүй. Бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын мэдээлснээр намрын чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд орон нутагт ажилласан тухайгаа, мөн ямар байдал ажиглагдсан талаар ярилцсан гэлээ. Мөн тус бүлгийн хуралдаанаар намрын чуулганаар эхний ээлжинд нэн яаралтай хэлэлцэх ямар асуудал байгаа талаар гишүүдээс санал авч байж, асуудлаа дараалалд оруулахаар ярилцсан гэжээ. Тус бүлгийн хурлаар Ерөнхийлөгчийн эсрэг мэдэгдэл хийсэн Н.Алтанхуягийн талаар яригдаж магадгүй гэсэн мэдээлэл тархаад байсан. Тэгвэл Б.Гарамгайбаатарын хэлснээр “бүлгийн төвшинд энэ талаар ямар нэг асуудал яригдаагүй” гэжээ. Мөн тус бүлгийн гишүүн, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Үндсэн хуулийн цэцийн гишүүн болох хүсэлтээ өөрөө гаргаад байгаа. Хэрвээ энэхүү хүсэлтийг цэц авч хэлэлцвэл түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эсэх тухай асуудал яригдах ёстой. Энэ талаар мөн албан ёсоор бүлэг дээр ярьсан асуудал байхгүй гэв.
“Шударга ёс” эвсэл:Бүлгийн даргаа солино
УИХ дахь “Шударга ёс” эвсэл өнөөдрийн хуралдааны талаар УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, З.Баянсэлэнгэ нар мэдээлэл хийлээ.
Тус бүлгийн гишүүн Л.Цог, Г.Уянга нар бүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн. Тэдний гаргасан шийдвэрийг УИХ-ын даргад удахгүй өргөн барих аж. Ийн Л.Цог гишүүн бүлгээс гарвал, тус бүлэгт харьяалалтай УИХ-ын дэд даргын суудлаас чөлөөлөгдөх ёстой. Түүний оронд хэнийг томилох талаар өнөөдөр “Шударга ёс” эвслийн бүлгийн хурлаар ярилцсан ч тодорхой шийдэлд хүрээгүй учир эцсийн шийдвэрийг пүрэв гаригт болох чуулган дээр сонордуулна гэж Н.Батцэрэг гишүүн хэллээ.
Н.Батцэрэг УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн, “Шударга ёс” эвслийн даргаар ажилдаг.Эдгээр албан тушаалын ажиллах зарчим зөрүүтэй учраас бүлгийн даргын даргын албан тушаалаа өгөхөөр шийдсэн байна. Бүлгийн шинэ даргын мөн л пүрэв гаригт тодорхой болох аж.
Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Эрүүл мэндийн сайдад нэр дэвшиж байгаа Ц.Лхагвасүрэн танай намд хэзээ элссэн бэ?
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:
-Намын гишүүн биш. Эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан, салбараа мэддэг, энэхүү салбарыг өөд нь татаад аваад явчих чадамжтай, салбарын тулгамдсан асуудлыг баг хамт олны туслалцаатайгаар өөрчлөөд явах боломжтой гэж үзэж намын харьяаллыг чухалчлаагүй. Мэдлэг боловсрол, салбартаа хийж бүтээсний нь үнэлж нэр дэвшүүлсэн. Энэ хүн бол өмнө нь энэ салбарт удирдах албан тушаал хашиж байсан, аль ч Засгийн газрын үед ажиллаж байсан эсэхийг үл харгалзан нэр дэвшүүлсэн байгаа.
-УИХ-ын дарга сая чуулганы нээлт дээр Тавантолгойг улс орны ирээдүйн эрх ашигт нийцүүлж авч үлдлээ гэсэн үг хэлсэн. Тавантолгой төсөл дээр бүлэг ямар байр суурьтай байна вэ. Тавантолгой хөдөлгөх нь зөв байсан уу эсвэл хөдөлгөхгүй нь зөв байсан уу?
Н.Батцэрэг:
-Тавантолгойн асуудал энэ 7 хоногийн хэлэлцэх асуудалд ороогүй учир бүлгийн хурлаар яриагүй. Ер нь бүлэг анхаарал татсан том асуудал гэдэг утгаараа хаврын чуулганы өмнө байр сууриа илэрхийлж байсан. Бүлэг бол нэгдүгээрт, Үндсэн хуулийн газрын хэвлийтэй холбоотой тэдгээр зүйл заалт амьдралд хэрэгжихээр бололцоотойгоор энэ асуудал хэрэгжих ёстой. Нөгөөтээгүүр нөөц нь тогтоогдсон Тавантолгой гэсэн энэ орд монголын эдийн засагт үр өгөөжөө өгөх ёстой гэж үзэж байгаа.
-Эвслийн бүлгээс нэг гишүүн гарвал бүлэг задрах, цаашлаад Засгийн газар чадамжгүй болж болзошгүй гэдэг үүднээс та бүхэн дотроо ярьж байгаа юу?
Н.Батцэрэг:
-Одоогоор хэн нэгэн гишүүн бүлгээс гарна гэсэн санал санаачилга гаргаагүй. Миний хувьд үгүй биз дээ гэсэн итгэлтэй байна.
-О.Баасанхүү гишүүн бүлгээсээ гарна гэсэн яриа байна. Энэ үнэн үү?
-З.Баянсэлэнгэ:
-О.Баасанхүү гишүүнтэй өнөөдөр хараахан уулзаагүй байна. Гишүүний хамгийн сүүлд өгсөн ярилцлагаас харахад бүлгээс гарах тухай, намаас татгалзах тухай асуудал дээр “Үгүй” гэсэн байр суурь гаргасан байсан. Аливаа гишүүн бүлэг доторх байр сууриас өөр санал гаргах байдал бидэнд бишгүй тохиолдсон. Ганцхан манай бүлэгт энэ асуудал тохиолдоод байгаа юм биш. Бусдын адил л ажиллаж байна. Бүлэг дотор санал зөрөлдсөн болгоноор нь тухайн гишүүнийг бүлгээс гарах нь гэсэн таамаг дэвшүүлэх нь бүдүүлэг юм. Тийм учраас аливаа асуудал дээр байр сууриа нэгтгээд, эсвэл байр суурь зөрчилдвөл өөр өөрийн байр сууриа илэрхийлээд явж байсан.
Сэтгэгдэл байхгүй байна