• Эхлэл
  • Улстөрчдийн “Урласан” Монголын зураглал

Улстөрчдийн “Урласан” Монголын зураглал

2016/04/06

Амьдрал сайхан байна уу гээд захын хорооллын нэгнээс асуугаад үзээрэй. Монгол хүн амны бэлгээрээ гэдэг болохоор “Аа яахав дээ, болж л байна” гэж бөөрөнхийлөх байх.

Улс орны амьдралыг бүхэлд нь илэрхийлье гэвэл дийлэнх олонхи буюу жирийн иргэдийн бор хоног, шар өдрүүдийг нь  эхлээд тольдох хэрэгтэй болно. Хоёр идэхгүй хоосон хонохгүй байгаагаа хэвийн амьдралын хэм хэмжүүр болтол нь хэвшүүлсэн нь хөлөө жийх хөнжлийн маань хэр хэмжээ нь тэр байгаагийнх биз. 

Ажил хийж байгаа тулдаа мөнгөгүй байна гэх хошигнож байцгаана. Гэхдээ энэ нь хошигнол бус тэдний дийлэнхийнх нь амьдралын нүцгэн үнэн ийм болой. Шинэчлэлээр эхэлж Шийдлийнхээр үргэлжилсэн засаглалын дөрвөн жилд “Граммын эдийн засаг” гэх хэллэг шинээр орж ирэв. Урьдах засгийн үед ургамлын тосыг граммлаж авдаг болсныг ядуурлын  илэрхийлэл хэмээн халаглан бичдэг байлаа.  Харин өнөө үед талхаа талладаг, будаа гурилаа граммлаж авдаг болжээ.

Хэтрүүлэг ч бус, монголчуудын амьдралын өнгө төрхийн нэг хэсгийн илэрхийлэл нь ийм байна. Ургамлын тосноос будаа гурилд шилжсэн энэ граммын эдийн засгаас улс орон уруудан доройтож байгааг ямар ч тэнэг хүн анзаарах байх.

Өнгөрөгч долоо хоногт болсон эдийн засгийн форумын индэр дээрээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Би хувьдаа хүндрэлээс удаан хугацаанд, зовлонтой замаар гарна гэж бодож байгаа. Биднийг зовлонтой зам тосч байгаа... Эндээс гарах ид шидийн зам байхгүй” гэж мэдэгдлээ. Энэ бол төрийн тэргүүний үг.  Олон улсын шинжээчид ч “Монголын эдийн засаг ойрын хоёр жилд өнөөгийнхөөсөө дээрдэхгүй” хэмээн оношилж байна. Ойрын ирээдүй маань иймэрхүү янзаар зурагдаж байна.

Эдийн засаг ингэж доройтох болсны шалтгааныг эрх  баригчид хэвшил болсон хэдхэн үгээр тайлбарладаг. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурсан, гадаадын хөрөнгө оруулалт зогссон гэхчлэн харагдах бараа, тэмтрэгдэх биегүй буруутанг нэрлэдэг. Харин Ерөнхийлөгч “Монголд эдийн засгийн хүндрэл нь улс төрөөс л болж байгаа” гэж дүгнэсэн бол Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Өнөөгийн эдийн засгийн хямралт байдлын уг сурвалж нь шударга ёсны хямрал юм” гэж тодорхойлов. Эрх баригчдын өөр хоорондын толхилцооны үр дүнд үнэнд ойрхон үгийг ингэж сонсож байна.

Тэдний энэ үгнээс улс үндэстний уруудан доройтож буй шалтгаан доороо биш, дээрээ байна гэдгийг төвөггүйхэн ойлгох байх. Яг л дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүй гэдэг шиг. “Ямар ард түмэн байна тийм л төр байдаг”  гэж төрийн гэм зэмийг ард түмэнд үүрүүлэхийг оролддог. Уг нь энэ үг Ф.М.Достоевскийнх юм.  Гэвч Монголын тухайд  харин ч эсрэг утгаараа ямар төр байна, ард түмэн нь тийм байхын бэлээхэн жишээ юм шиг.

Өнөөгийн нийгмийн өнгө төрх бол 25 жилийн турш цогцлоож байгаа ардчилсан төрийн сүүдэр тусгал нь мөнөөс мөн. Эдийн засаг нь “будаа” болсон, шударга ёсны хямралтай, хариуцлагын тогтолцоо нь хаана ч байхгүй болсон, Улаанбаатар нь утаатай, иргэд нь стресстэй ийм л Монгол болчихож. “Өвчингүй бол жаргал, өргүй бол баян” гэсэн  илэрхийллээр монголчууд аз жаргал, амьдралын чанар байдлаа зуун дамжин тодорхойлохгүй нь лавтай. 

Энэ долоо хоногоос “Монголоо аваръя”  уриа дуудлагатай жагсаал цуглааны тухай яригдаж эхлэв. Бас эдийн засгаа аваръя хэмээн цахимаар нэг жиргэж байна. Эх орон маань тэр чигээрээ аврал эрж байна гэсэн үг байх. Харин жагссан  цугласан, уриалсан бүхэнд хаврын синдром гэж хаяг хоч зүүхээсээ өмнө  иргэдийн гээгдсэн итгэл, нийгмийн бухимдалтай байдлын илэрхийлэл гэж харах нь үнэнд илүү ойр баймаар. Иргэд үнэхээр бухимдалтай байна. Үүнийг заавал жагсаал цуглаанаас харах гэсний хэрэггүй, хаа сайгүй, гудамж дэлгүүр, нийтийн тээврийн зорчигч, захын наймаачны газар гээд ер нь хаанаас ч бэлээхэн анзаарчихаж болно.

Саяхан “Блүүмберг” агентлаг дэлхийн хамгийн их стресстэй орны нэгээр Монголыг нэрлэжээ. Тодруул­бал, стресст байдлаараа эхнээсээ дөрөвт жагсаж байна. Үе үе газар хөдөлж, халдварт өвчин байнга шахам дэгддэг, гэр бүлийн хүчирхийлэл ихтэй төв Америкийн Гватемал улс, аллага хүчирхийлэл, дайн самуун, ядуу зүдүүгээрээ нэрлэгддэг Пакистан гэх мэтийн улс орнууд стрессийн үзүүлэлтээрээ бидний ард жагссан байх жишээний.

Ер нь сэтгэл ханамжит амьдралын хувьд монголчууд маань дэлхийн хэмжээнд альхан талд нь байна вэ гэж ахиулж цааш нь харлаа. Аз жаргалын индекс гэж нэг үзүүлэлт байна. Тэнд бичигдсэн 125 орноос 101 дүгээр байранд төрийн далбаа маань байна. Сайн улс орнуудын индекс /Good cоuntry index/ гээд бас олон үзүүлэлтээр гаргасан жагсаалтад 125 орон бичигдснээс Монгол маань 109-д нь эрэмбэлэгджээ.Энэ индексийн 10 гаруй үзүүлэлтийн нэг болох “Эрүүл мэнд,  сайн сайхан байдал” гэсэн үзүүлэлтээр 125 орноос бүр 121-д бичигдсэн байна.

Энэ мэт сүүл мушгисан байдлаар Чингисийн үр хойч  үе бид дэлхий нийтэд танил болж байна. Улстөрчид Монголыг маань  иймэрхүү янзаар л зурж байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Зочин
    МАН-ынхаан та нар сонгуульд ялая л гэж бодож байгаа бол энэ мангар бацаануудаа болиулаачээ.
    2016 оны 04 сарын 07