Ардчилсан нам бужигнаантай байна. Хөл толгой нь мэдэгдэхгүй дээр дооргүй цаазын тавцан дээр зогсоцгоож байна. Нэг бол намаа мяалаад нөгөө бол бие биеэ газар доогуур ортол булай болгоод эхэлчихлээ.
Женкогоос эхтэй маргааны учиг зангилааг ухаарч амжаагүй байхад Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хаврын чуулганы хөшиг нээгдэх үетэй зэрэгцэн хачин сонин мэдэгдэл хийсэн нь олон нийтийн өмнө дахин нэг таавар бий болгов.
Тэрбээр мэдэгдлийнхээ эхэнд “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улсаа хувааж идэх увайгүй бодлого явуулж ард иргэдийг талцуулж, намаа хагалган бутаргаж байна. Тиймээс энэ мэдээллийг хийж байна” гэсэн. Ганц энэ өгүүлбэр л АН болон энэ нам дахь олон франкциуд өөр зуураа ямар их тэмцэл, хагаралтай байгааг гэрчлэхэд хангалттай хатуу өгүүлбэр юм. Түүний мэдэгдлийг ахиулаад сийрүүлье.
“Монголын төрийг хэн удирдаж байна вэ, удахгүй болох сонгуулиар хэрэг зохиож хүний хувь тавилангаар тоглодог хуйвалдагчид хэрээс хэтэрч, зохиомол магадгүй тоглоомын УИХ-ыг бий болгох хуйвалдааны нөхцөл бүрджээ” гэж хэлсэн. Түүний мэдэгдлийг сонсоод Н.Алтанхуяг одоо л үнэнийг зоригтой илчиллээ гэж баяр хүргэж алга таших хүмүүс байхад “Аргагүй л сонгууль дөхөж дээ. Улс төрийн хэрүүл маргаан ийм дээрээ туллаа. Ноёнтой тэрсэлдвэл толгойгүй болно доо” хэмээн санаа зовинох олон ч байна.
Харин үлдсэн хэсэг нь Н.Алтанхуяг хаврын чуулганы босгон дээр хаанаас гэнэт гарч ирээд хачин жигтэй мэдэгдэл хийчихэв ээ. Ингэж намынхаа идээ бээрийг шахаж байгаа мэт дүр эсгэх хэрэг байсан уу. Муу муухайг өнөөдөр л мэдэж байгаа мэт, шударга бусын хүлээснээс ганцаараа л сугарч гараад гал руу үсэрч байгаа юм шиг жүжиглэх нь түүнд хэр зохимжтой юм бэ гэдэг дээр маргав. Өнөөдөр эдийн засгийн биш шударга ёсны хямрал нүүрэлчихлээ гэдгийг тэр хэлсэн.
“Эх орноо гэх сэтгэлгүй, ханаж цаддаггүй шуналтай хүмүүс төрийн эрх мэдлийг хувийнхаа явцуу зорилгодоо увайгүй ашиглаж монгол хүн Монголдоо сайхан амьдрах хүслийг нугачин дарж Засгийн газрыг хүртэл огцруулж, төрөө хутган үймүүлж баялаг бүтээгчдээ айдас хүйдэст автуулж, хуулийн нэрээр шоронгоор далайлгаж, айлгаж, мөнгийг нь бизнесийг нь, лицензийг нь ил тод дээрэмдэж байна” гэсэн өгүүлбэрийн ард Ерөнхийлөгчийн нэрийг зоож орхисон. Үүний хариуг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дор нь барьж “Алтанхуягийн мэдэгдлийг үзэв. Миний тухай ярихаас хэн ч айх учиргүй. Манай улсын давуу тал энэ юм даа. Хуулийн засаглалын төлөө хамтран ажиллая” гэсэн.
Ивий минь гэж. Их л олон хүн ийм үгийг амандаа бувтнаад суусан гээд мөрийцөх үү. Яагаад гэж үү, энэ хоёр хүн Цахиагийн хүү Элбэгдорж, Норовын хүү Алтанхуяг хоёр биш юм. Тэд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч. Нөгөө нь Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн юм. Өөрөөр хэлбэл, төрийн ажлын зах зухаас биш ачаа татлагыг нь татах хариуцлагатай үүрэгт ажилд хэн хэн нь зүтгэж байгаа энэ хүмүүсийн хувьд иргэдийнхээ өмнө иймэрхүү хэрүүлийн алим шидэлцээд сууж байх нь ичмээр ч юм шиг гутмаар ч юм шиг.
Тэднийг дэлхий харж байгаа. Тэд Монголын төрийн эрхийг барьж байгаа том намын том лидерүүд. Гэтэл онигоо л байна. Хөнжил дотроо хөлөө жийлцэж намаа улам бүр муухай харагдуулж байхаар хөгжлийн бодлого яриач. Улс төрийн индэр хувийн өш хонзонгийн тайз биш. Ерөнхийлөгч нь гарч ирээд багачуудаа бултаар нь загнаж зандалчин панзчингаар нь дуудчихаад яваад өгдөг, гишүүд дэмжигчид нь гарч ирээд Ерөнхийлөгч бол хуйвалдагч, манай энэ ийм тэр тийм, биднийг толгойлж байгаа удирдагч намынхандаа хатуурхдаг, шорон гянданд суулгадаг, авлигад холбогдуулж хянаж цагдуулдаг гэх зэргээр наян зүйлийн мэдэгдэл хийж хошуугаа унжуулах нь улс төрийн ёс зүй мөн юм уу.
Нэгэн цагт улс төрийн тайзан дээр Ромео Жулетта шиг л дур хүсэл нэгтэй явсан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн эсрэг ийн дайн зарласан нь учиртай гэдгийг жиг жуг гэлцэж байна. Учрыг тандвал, Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс үүдэлтэй бондын өрийн зарцуулалтын нарийн ширийнийг хууль хяналтынхан шалгаж эхлэхээр зэхэж байгаатай түүний өнөөгийн амь өрссөн яаруухан мэдэгдэл холбоотой гэх. Дараагийн нэг хардлага нь иймэрхүү маягаар АН-ыг бужигнуулж байгаад намын даргын тамгаа ахин авах гэж байж магад хэмээн хардаж байна. Харин намын сул гишүүд дэмжигчид энэ янзаараа АН-ын доторх тэмцэл улам хурцадсаар сонгуулиар юу ч үгүй шатаж үнс нурам болох вий гэх болгоомжилж санаа зовинож байгаа юм.
Эдгээр хардлагуудын аль аль нь үнэн байх магадлал өндөртэй ч хамгийн их анхаарал татаад байгаа нь Н.Алтанхуягийн Засгийн газрын үеэс эхэлсэн өнөөгийн өрийн тоолуурын заалтад хяналт шалгалт хийж эхлэхтэй холбоотой айдас. Түүнийг саармагжуулах гэсэн дайралт байх нь хамгийн өндөр магадлалтай гэдгийг хэлж байгаа юм. Юутай ч ардчиллыг тогтоое, бүх нийтээрээ шударга ёсны төлөө тэмцье гэх үгийг түлхүү хэрэглэдэг АН-ынханд хандахад брэнд үгтэйгээ тэмцэх яах вэ, биеэ засаад төрөө засах хэрэгтэй. Ингэхийн тулд эхлээд өөрийн дотоод төлөвшил, өөрийн дотоод хүнтэйгээ тэмцвэл яасан юм бэ гэчихье.
Сэтгэгдэл байхгүй байна