Чингисийн талбай дээр өнөөдөр эзэнгүй гуталнууд “эсэргүүцлээ” илэрхийлж байна. Иргэд зохион байгуулагчдад гутлаа өөрийн илэрхийлэх санааны хамт илгээж байгаа. Ингэснээр өнөөдөр 09.00 цагт төв талбайд 3000 гаруй гутал цугларчээ.
Монголд анх удаа гэмээр гутлын жагсаалын үеэр сонирхолтой зүйлс олон анзаарагдана. Тухайлбал, иргэн Г.Алтангэрэл төв талбай дээр шууд гутлаа тайлан хөл нүцгэн алхаж байлаа. Зарим гуталны эзэн "Ягаан гудамжтай болмоор байна" гэх мэт сонин, сонин санаа илэрхийлсэн байна.
Ингээд "гуталнууд"- ын үг, үзэл бодлыг хүргэе
Шинээрээ шахуу “Nike” пүүз:
-Би найман сая төгрөгөөр дөрвөн жил сурсан. Одоо 450 мянган төгрөгийн цалинтай, туслах ажил хийж байна.
Өсгийтэй хар гутал:
-Залуус танилаараа бус тархиараа ажилтай болмоор байна.
Эрэгтэй гутал:
-Эх орондоо боловсрол эзэмшсэн бүтээн байгуулалтын эзэд болох залуус гадаадад хөдөлмөрөө худалдаж байна.
Бор өнгийн түрийтэй монгол гутал:
-Үндэсний соёл урлагаа сурталчилъя
Хуучин элгэн түрийтэй гутал:
-Оюу Толгой яг хэний өмч вэ? Ард түмэн яагад хүртэхгүй байна?
Туфль:
-Хууль бидний үзэл бодлыг хааж байна.
Нилээн хуучирсан цэнхэр пүүз:
-Эх оронгүй хүн насаараа уйлдаг.
Арьсан түрийтэй гутал
-Таван Толгойн гэрээ хэнд ашигтай байх ёстой юм бэ гэсэн байв.
Энэ мэтчилэн гуталнууд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байна. Сонирхолтой нь нэгэн гутлын эргэн тойронд шар нунтаг бүхий уутнууд тавьсан байсан бөгөөд энэ нь ураны аюулын эсрэг үзэл санааг илэрхийлж байгаа гэнэ.
Дээрх жагсаалыг сонирхон юу болж байгааг мэдэх гэсэн иргэд ч олон байлаа. Тэгвэл жагсаалын талаар зохион байгуулагчид “Эмч, багш, цагдаа гээд бүгд тус тусын ажилтай. Тиймээс цаг гарган жагсаал хийж, өөрийн үзэл бодлоо илэрхийлж чаддаггүй. Эсвэл дарга, даамлуудаасаа айх, эмээх асуудалтай. Чухам иймээс л гутлаа илгээн, жагсаалд оролцох боломжийг олгож байгаа юм. Энэхүү жагсаалаараа “Жагсаалаараа дамжуулан нийгэмд болохгүй бүтэхгүй асуудлыг гаргаж ирнэ. Мөн 100 хар үйл явдлын эзнээ ч тодруулна. Өнөөдөр жагсаалаа хийж, олон түмний дуу хоолойг гаргана. Цаашлаад тавдугаар сарын 20-нд хар үйл явдлын эздийг нэрлэж гаргана” гэв.
Дээр дурьдсан талбай дээр гутлаа тайлж тавиад хөл нүцгэн явсан иргэн Г.Алтангэрэлтэй ярилцлаа.
- Хүмүүс илүү гутлаа авчирч өгч байна шүү дээ. Гэтэл өөрөө яагаад шууд гутлаа тайлаад орхиж байгаа вэ?
- Хүмүүс энд өөртөө байгаа илүү гутлаа барьж ирж байна. Яг энэ талбай дээр гутлаа тайлаад үзэл бодлоо шулуухан илэрхийлэх хүмүүс цөөхөн байх. Миний бодлоор энэ бол тайван жагсаал, хэн нэгэнд хор уршиг хүргэхээсээ илүүтэйгээр иргэний үзэл бодлыг хүмүүст хүргэх нь чухал юм гэдэг нь харагдсан учир гутлаа тайлж энэ жагсаалд нэгдэж байна.
- Та энэ жагсаалд нэгдсэнээр яг ямар үзэл бодлыг илэрхийлж байна вэ?
- Төрд УИХ-д байгаа хүмүүсийг Монгол Улсын иргэд ажилд авч дөрвөн жилийн хугацаанд бидний өмнөөс шийдвэр гаргаж ажилла гэж сонгодог. Чадахгүй байгаа бол дараагийн сонгууль дээр тэр хүмүүсийг ажлаас халах эрх мэдэл ард иргэдэд байдаг юм гэдгийг ойлгоосой гэж бодож байна.
Тэрээр ийн жагсаалд нэгдэж байгаагаа илэрхийлж гутлаа тайлсан юм.
Мөн түүнээс гуталгүй яаж явах гэж байна, даарахгүй юу гэж асуухад зүгээрээ зогсоол дээр машин байгаа хэмээсэн юм.
Машины зогсоол хүртэл хүйтэн газар хөл нүцгэн алхана гэдэг бол өнөөдөр шиг сэрүүн салхитай өдөр тийм ч амаргүй байх.
Ямартай ч иргэд эсэргүүцлээ янз бүрээр илэрхийлж байгааг харлаа. Жагсаж буй гуталнууд эздийн өмнөөс үзэл бодлоо ийн илэрхийлж байна. Жагсаал өнөөдөр 18.00 цагт хүртэл үргэлжилнэ.
Ч.Гэрэл
Фото мэдээг энд дарж харна уу.
Сэтгэгдэл байхгүй байна