• Эхлэл
  • АН-ын баяр, хурал, жагсаал давхацсан өдөр

АН-ын баяр, хурал, жагсаал давхацсан өдөр

2016/04/09

Буянт-Ухаа цогцолборт Ардчилсан намын анхдугаар хуралдаанд зориулсан “Хаврын баяр” арга хэмжээ өнөөдөр болов.

АН-ын Анхдугаар  Их хурал 26 жилийн өмнө, 1990 оны 4 дүгээр сарын 7-8-нд хуралдаж байжээ. Уг үйл явдлыг тохиолдуулан “Улаанбаатарын хавар” баярыг Чингисийн талбайд  зохион байгуулахаар болсноо Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл мэдэгдсэн. АН-ын Үндсэн дүрэмд жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг намын төрсөн өдрөөр тооцож байхаар оруулсан байдаг. Энэ жил, энэ өдөр ажлын өдөр таарч байгаа учраас баярынхаа үйл ажиллагааг 9-ний өдөр зохион байгуулахаар болжээ.

 Үүнд “НИТХ-ын сонгуулиар хүлээсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт, зам, хот тохижилт, гэр хорооллын дахин төлөвлөлт, нэг цэгийн үйлчилгээ, цахим газар олголт гэх зэрэг өргөн хүрээтэй өөрчлөлт шинэчлэл, бодит ажлуудын талаар ардчилсан асуулга сонсголын аяныг өрнүүлнэ” хэмээсэн нь нийслэлд олонхи болсон АН-ынхан намын баяраа нийслэлийн ажил, нийслэлийн ажлаа намын баяртай “хутгаж” байна гэсэн шүүмж ч бас гарсан.

Үүнтэй зэрэгцээд УИХ дахь Ардчилсан намын бүлгийнхэн Их тэнгэрт өргөтгөсөн хуралдаан зарлалаа гэсэн мэдээлэл гарсан. Ийн Их тэнгэрт өргөтгөсөн хуралдаан зарласныг хагаралтай байгаа гэгдэж буй АН-ын лидерүүд нүүр нүүрээ харалцан асуудлыг шийдэхээр болсон гэсэн таамаглал дэгдэхийг зэрэгцээ лидерүүдийн дунд халуун уулзалт болох нь гэсэн хүлээлт ч үүссэн. Өөрсдөө бол ардчилалтай гэдэг, хөндлөнгийн хүмүүст бол цочмог ууртай нанчилдахаас буцахгүй гэж харагддаг Ардчилсан намынхан Их тэнгэрт хуралдах болсны учир нь нанчилдаан зодоон болж гэмээнэ олны нүднээс далд байлгах гэснийх гэж шоолох ч хүмүүс байна.

Харин Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр “Нам дотроо хагараагүй, өнөөдрийн хуралдаанаар 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ярилцана” гэж тайлбарласан юм. Магадгүй мөрийн хөтөлбөрт нэгдэхийн тулд дотоод хагарлаа яаравчлан шийдэх ч зам тулгарсан байж магадгүй.

Ийнхүү амралтын өдрөөр зарласан өргөтгөсөн хуралд бага зэрэг цаг хоцорч эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Учир дээр өгүүлснээр Буянт-Ухаа цогцолборт баярын арга хэмжээ болсон учир үүнд оролцсон гишүүд хуралд хоцорч ирсэн бололтой.

Ийн өнөөдрийн эрх баригч АН-ынхан Их тэнгэрт халуухан хуралдаж байх зуур ордны баруун талд буюу Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө “Монголоо аварья” хөдөлгөөнийнхөн майхантай жагсаал хийж байна. Улаан өнгийн туг далбаа, цамц малгайгаар ижилсэн байн байн жагсаал, хэвлэлийн бага хурал хийж, гудамжны хамгийн үнэтэй сурталчилгааны самбаруудыг улаан өнгөөр тунаруулаад байгаа тэднийг МАН-ын санхүүжилттэй гэсэн таамаг дэгдээд байгаа. Тэд энэ удаад ”Төсвийн алдагдал 1 их наяд төгрөгт хүрсэн, ажилгүй иргэдийн тоо нэмэгдэж байгаа, өнгөрсөн сард 1845 иргэн орон тооны цомхтголд орсон” гэсэн шүүмжлэл өрнүүлж байгаа аж.

Ч.Гэрэл


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна