Монгол Улсын Гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа урлагийн тайзнаа уран бүтээлээ туурвисны 30 жилийн ой тохиож байна.
Түүний гайхалтай сайхан уран бүтээлийг дээдлэн, хамтран ажилладаг уран бүтээлчид нь түүний тухай сэтгэлийн үгээ хуваалцсан юм.
Д. Отгонбаяр: Би Сараагийнхаа тайзнаа дуулсны 60 жилийн ойг хамтдаа тэмдэглэхийг хүсч байна
“Хурд” хамтлагийн гитарчин, хөгжмийн зохиолч Д.Отгонбаяр
“Сайхан уран бүтээлчийнхээ тухай сэтгэлийн үгээ харамгүй хэлэлгүй яахав. Бид 1994 онд “Хүн чулуу”, “Чи минийх” гэсэн дуунд нь хамтран ажиллаж эхэлсэн дээ. Тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл олон уран бүтээлд бид хамтран ажилласан. Тоглолтонд нь оролцон гитар тоглож, клип, цомогт нь олон удаа хамтран ажилласан. Байж байгаад л час хийсэн бүтээлтэй ирдэг дээ, манай Сараа. Тэр үед тохироо нь мөн ч сайхан бүрддэг юм. Хамгийн сүүлд “Хэцүү”, “Чи хаана байсан юм бэ” дууг бид хамтран хийлээ. Сайхан, чанартай уран бүтээл болсон. Төрмөл дуучин гэдэг цаанаа өөр шүү дээ. Энэ мөчид нэгэн сайхан дурсамж гялс гээд ороод ирлээ. “Мөнгөн харандаа” хамтлагт байхдаа аялан тоглолт хийсэн юм. 1984 он шиг санаж байна.Тэр тоглолтын үеэр би анх хараад “ Ямар гоё дуулдаг эмэгтэй вэ гээд л” бодож билээ. Тэр үед дунд сургуулийн сурагч л байсан юм шиг байгаа юм. Вагон клубт төмөр замын дарга нар суучихаад л их сонин, сайхан тоглолт болж байж билээ. Одоо хэр нь тэр дүр зураг миний сэтгэлд тод байдаг. Сараа тэр үеийн мода болсон жинсэн жакет өмсчихсөн, үсээ задгай тавьчихсан, тасархай харагдана биз дээ. Манай өртөөний бүх залуусын зүрх сэтгэлийг байлдан дагуулсан даа./инээв/
30 жил тайзаа амьд байна гэдэг дуучин тэр дундаа эмэгтэй хүний хувьд хүнд. Аливаа зүйлийг зүрх сэтгэлээсээ хийж, уйгагүй байж л энэ өндөрлөгт гарч ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Би Сараагийнхаа тайзнаа дуулсны 60 жилийн ойг хамтдаа тэмдэглэж, хамт тайзан дээр байхыг хүсч байна” гэв.
Э.Одгэрэл: Бүсгүй хүн бүхэн ийм эрч хүчтэй байгаасай
Загвар өмсөгч, топ модель Э.Одгэрэл
“Бид сайхан нөхөрлөдөг. Олон уран бүтээлийг нь би сонсож, биширч явдаг. Эмэгтэй хүн эрч хүчтэй, бусдыг байлдан дагуулж чадаж буй нь гайхалтай сайхан мэдрэмж надад өгдөг. Сараагаас сурах зүйл маш их бий. Бүсгүй хүн бүхэн ийм эрч хүчтэй байгаасай. Найзынхаа амьдралд нь ажилд нь, уран бүтээлд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэв.
Ү.Хүрэлбаатар: Төрсөн өдрийн тоглолтоос рок попын хөгжил ямар байгааг харах боломжтой
МУСГЗ, яруу найрагч Ү.Хүрэлбаатар
“Сараа нэртэй боловч нар шиг энергитэй бүсгүй гэж би хэлнэ. Уран бүтээлээрээ хүнийг нар шиг ивээдэг учир би ингэж хэлж байгаа юм. Уран бүтээлч, өөрөө сайхан дуулаад зогсохгүй өрөөлд нөлөөх, залуу үедээ үзүүлж буй үлгэр дууриалал нь тэс өөр хүн. Тэр хэр дуучин бэ, ямар бүтээл хийж байгаа вэ гэдгийг төрсөн өдрийн тоглолт бүр нь харуулдаг. Энэ тоглолт зөвхөн нэг хүний төрсөн өдрийн үйл ажиллагаа биш, Монголын рок попын хөгжил, дэвшил ямар байгааг харж болох нэг боломжийг бидэнд өгдөг. Энэ бүгдээс дүгнэхэд Сараа ба бусад гэж ангилж болохоор байгаа юм. Гайхалтай дайчин, урлагт сэтгэл зүрхээ зориулсан хүнтэй гар нийлэн ажиллаж байгаадаа бид бүхэн баяртай байдаг” гэв.
Г.Пүрэвдорж: Сараадаа зориулсан дуу хийж бэлэг барина
Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж
“Уран бүтээлчийн замд орсон цагаас нь Сарааг бид мэднэ. Зууны манлай гэдэг эрхэм алдрыг хүссэн хүн бүхэнд олгохгүй. Үнэхээр манлай байж чадсан учир тийи алдартай байгаа гэж би боддог. Хамтран ажиллаж байгаадаа би маш их баяртай байдаг. Мундаг л гэж би хэлнэ дээ. Хүрлээ бид хоёр Сараадаа зориулаад дуу хийх бодол байна. Одоо үг нь гарчихсан байгаа. Юу чадна түүгээрээ л бэлэг барина даа. Сайхан уран бүтээлчдээ улам их амжилт хүсье” гэв.
Б.Дашдондог: Хамгийн сайн эд ангитай “машин”
МУГЖ, дуучин Б.Дашдондог
“Сараа бүх зүйлийн эхэнд алхдаг. Сэтгээд л хийгээд л, дуулаад л нэг мөч тайзнаасаа буугаагүй уран бүтээлч гэж би найзыгаа хэлнэ. Сараа ямар ч зөв чөлөөгүй, уйгагүй хөдөлмөрлөдөг. Найзаараа бахархдаг ч заримдаа энэ их хүч, энерги хаанаас гардаг юм бол гэж бодох үе байдаг. 30 жил тайзнаа дуулсан хүн байдаг ч өөрийгөө тэтгэвэрт гарсан мэтээр бодож эхэлдэг. Сараа бол дуулаад зогсохгүй сэтгэлээрээ мөнхийн залуу байдаг хүн. Энэ бүгдээс нь хараад эд анги маш сайтай хамгийн шилдэг “машин” гэж хэлмээр санагдчихлаа. Тайзан дээр ганцаараа 30 дуу дуулахдаа тэр хэзээ ч цуцахгүй, гайхамшигтай дуучин. Найздаа уран бүтээлийн амжилт хүсэхээс гадна эрүүл энх, аз жаргалыг хүсье” гэв.
Р.Эмүжин: Тэр хэзээ ч үл мартагдах галын дөл юм
Сэтгүүлч Р.Эмүжин
“Сараа гэдэг энэ эрхэм хатагтай бол Монголын урлагийн олон салаа мөчрөөс тодоос тод гэрэлтэх од, өөрийн гэсэн орон зайг бүрдүүлж чадсан уран бүтээлч. Тиймээс түүний уран бүтээлийн болон амьдралынх түүхийг багтаасан ном бичиж эхэлсэн.Энэ ном зөвхөн нэг хүний тухай биш рок попын түүх болон үлдэнэ гэдэгт би эргэлздэггүй. Түүний амьдрал амьд түүх , Монголын урлагийн түүх болох өнцөг учир шамдан ажиллаж байна. Бид 20 гаруй жил найзалж байна. Тэр уран бүтээлч байхаас гадна найз шиг найз байж чаддаг. Найз нөхөд дундаа хэзээ ч үл мартагдах дөл байж чаддаг. Энэ чанар хүн бүхэнд байдаггүй шүү дээ. Сараагийнхаа “Цагаан шөнө” дууг байнга сонсдог. Мөн “Хатан хаан”, “Хайрын бурхан ” гэх мэт дууг нь би шүтэн биширдэг. Найздаа улам их амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэв.
Б. Ангирмаа: Тэр эхэлсэн л бол дуусгадаг
Ая зохиогч Б.Ангирмаа
“Сараа бид хоёр 24 жил нөхөрлөж байна. Миний хамгийн шилдэг гэсэн уран бүтээлийг Сараа маань амьдруулдаг. Сараагийн нэг сайхан чанар байдаг. Аливаа ажлыг хойш тавьдаггүй. Хийе, бүтээе гэсэн чин хүсэлтэй эмэгтэй. Урлагийн төлөө цохилох зүрхтэй, түүнтэй хамт яриад суухад үзэл бодол нийлж, олон зүйлд хамтран ажиллах санаа өгдөг. Бид анх “Lady show” зохион байгуулах талаар ярилцаад сүүлдээ энэ маань “Пентатоник” наадам болж өнөөдрийг хүртэл амжилттай зохион байгуулсаар байна. Туйлбартай, эхэлснээ дуусгадаг гэх мэт олон сайхан чанар Сараад маань бий. Удахгүй тайзнаа дуулсных нь 30 жилийн ой тохиох гэж байна. Найздаа уран бүтээлийн амжилт, аз жаргал хүсье” гэв.
Сэтгэгдэл байхгүй байна