• Эхлэл
  • Хайрцаглагдсан эв нэгдэл

Хайрцаглагдсан эв нэгдэл

2016/04/11

Дүр эсгэсэн Ардчилал да­рангуйллаас ч илүү аюултай” хэмээн Нобелийн Энхтайвны шагналт Ан Сан Сүү Чи хэлсэн юм. Яг л өнөөдрийн эрх баригчдын үнэн төрхийг товч бөгөөд тодорхой илэрхийлсэн хариулт мэт.

АН-ынхан өнгөрсөн ам­рал­тын өдөр Их тэнгэрт цуглаж, өргөтгөсөн хуралдаан хийв. Улмаар Ерөнхийлөгчөө зүхсэн Н.Алтанхуягийг ойл­гож, Ч.Сайханбилэг, С.Баяр­цогт тэргүүтнийг “хар жаг­­саалт”-д багтаасан Х.Бат­тул­гыг зөвтгөж, намынхнаа эл­дэв­лэсэн З.Энхболдыг өр­шөөсөн юм байх.

Өөрөөр хэлбэл, тэд ойлголцолд хүрч, гар барилцаж, тэврэлдсэн гэнэ. Энэ тухай бүлгийн дэд дарга С.Одонтуяа цахим хуудсаар жиргэж бараг л “тунхаглав”. Тэрбээр “АН-ын бүлгийн хурал 12-18 цагийн хооронд Их тэнгэрийн аманд хуралдаж дотоод асуудлаа ярилцаж бүрэн ойлголцолд хүрлээ. Бүлгийн хуралд нийт 35 гишүүнээс 30 гишүүн оролцлоо. Б.Болор, Г.Баярсайхан, Д.Бат-Эрдэнэ, Д.Эрдэнэбат, Б.Наранхүү нарын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байгаа тул хуралд оролцож амжсангүй.

Бүлэг сонгуулийн мөрийн хөтөлбөрийн томоохон асуудлуудаа хэлэлцэж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулгыг хэрхэн явуулах тухай хэлэлцлээ” гэжээ. Гэвч олон нийт түүний энэ тунхаглалыг тийм ч таатай хүлээж авсангүй. Ямартаа л зарим нь АН-ын гурван толгойд хэлмэрч хэрэг болсон биз дээ. Тэд үнэхээр ойлголцож чадсан уу, энэ бол сонгуулийн шоу гэх байдлаар хариу жиргэх нь тэр.

Амь насаа ч үл хайхран мэдэгдэл хийсэн Н.Алтанхуяг тийм амархан буулт хийчихсэн гэж үү. Элдвээр хэлүүлж, авлигын загалмайлсан эцгийн хоёрдугаар ангийн гол дүрээр тодорсон Эбэ ингээд л өөрийгөө хүлээн зөвшөөрчихлөө гэв үү. Засгийн газрын гал тогооны эзэн улс төрөөс ангижрах ёстойгоо Х.Баттулгаар ганц хэлүүлээд л ойлгочихсон уу. Ардчиллынхан ийм цайлган, бас гэнэн байсныг Монголын ард түмэн мэдээгүй байж.

Гэтэл хөшигний ард өөрөөр хэлбэл, олны хөлөөс зайдуу хуралдсан хурал С.Одонтуяа гишүүний жиргэсэн шиг цагтаа эхлээгүй. Үд хэлбийж байхад буюу 15.00 цагийн алдад арай гэж эхэлсэн юм. Учир нь эл өдөр нийслэлийн Ардчилсан намын баяр буюу “Улаанбаатарын хавар”-ын баяр давхацсан тул зарим гишүүн “найрлаж” явсан хэрэг. Ингэснээр зарим нэгийгээ хүлээх шаардлага тулгарсан. Улмаар хурлаар сонгууль дөхсөн хэдхэн сарын хугацаанд эв нэгдэлтэй байж чадахгүйгээс хойш харагдах үзэмжиндээ анхаарлаа хандуулахыг хүссэн хэмээн эх сурвалж мэдээлсэн. Товчхондоо, дүр эсгэхийг сануулсан мэт.

Дотроо хагаралдан, эрх мэдлийн төлөөх зөрчилдөөнөө ардчиллаар хайцаалж, эрүүл үзэгдэл хэмээн зөвтгөж ирсэн тэдэнд дүр эсгэх нь тийм ч төвөгтэй зүйл болохгүй. Харин энэ удаагийн зөрчилдөөнөө эв нэгдлийн буухиа болгон сонгуулийн сурталчилгаа хийхээр шийдсэн аж. Тиймдээ ч ганц намын эв нэгдлийн асуудлыг орон даяар сурталчлах аян өрнүүлэхээр шийдсэн бололтой юм. Өвөр түрийндээ хөлөө жийлцэж, Тавантолгойг таллаж идэх гэсэн санаархлаа далдлахын тулд дээрх шийдэлд хүрч, тэр даруй цахим ертөнцөд “хоноглуулав”.

Харамсалтай нь, АН-ын удирдлагууд учраа олж, эв зүйгээ хичээхээр болсон гэх үлгэрт тус намын залуучууд нь итгэсэнгүй. Ямартаа л “АН болохгүй байна гэж жилийн өмнөөс үглэсэн. Одоо ойлгоцгоож байгаа тэ. Ер нь нийгэм системийн хямралд орчихлоо. Засаглалын хэлбэрээ өөрчлөх дээрээ тулж хямарч байна. Сууриа зөв болгоё гэвэл улс төрийн шударга өрсөлдөөнийг дэмжих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, намууд нэн даруй шинэчлэгдэх шаардлагатай” хэмээн жиргэжээ. Гэхдээ өвгөн партизанууд ямар залуучуудаа тоох биш. Замын нохойны дайтай үздэг юм хойно энэ мэт ч яамай гэх биз.

Харин АН-ынхны эв нэгдлийг шалгах шалгалт удахгүй болно. МАН-аас УИХ-ын дарга З.Энхболдыг сайн дураараа огцрох шаардлагыг хүргүүлээд байгаа. Мэдээж АН-ынхан татгалзсан хариулт өгсөн. Өөрөөр хэлбэл, “МАН ямар ч үндэслэлгүй, нэг хүн рүү дайрсан улс төр хийж байна. МАН-ынхан шаардлага тавилаа гээд УИХ-ын дарга огцорно гэж байхгүй” гэв. Нэгэнт өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгөхгүй бол огцруулах тогтоолын төсөл өргөн барина гэх мэдээлэл бий. Дээрээс нь хашааны гаднаас АН-ын гишүүн Т.Хасбаатар ч намын даргаа огцрохыг шаардаж буйгаа мэдэгдсэн.

Цаашлаад Дархан-Уул аймгийн АН-ынхан ч нийслэлд ирж, Төрийн ордныг гороолно гэх албан бус мэдээлэл бий. Түүнчлэн энэ сарын 16-нд болох ҮЗХ-ны хурлаар түүнийг намын даргаас нь буулгана гэх мессеж ч бий. Иймээс Зэ-г тойрсон улс төр ойрын өдрүүдэд өрнөх нь. Сөрөг хүчнийхэн Спикерийнх нь малгайг тайлах гэж оролдох бол намынхан нь даргын суудлыг нь булаах гэж боргоох нь гарцаагүй бололтой. Харин дүр эсгэсэн эв нэгдэл нь түүнийг аварч үлдэх нь эргэлзээтэй байгаа биз.

Яг үнэндээ АН-ынхан  С.Одонтуяа гишүүний хэлсэн шиг өнгөрсөн амралтын өдөр Их тэнгэрийн аманд зөв­шилцөж, ойлголцсон гэдэг огтоос худлаа пи-ар бөгөөд үнэн гэвэл намын гишүүд харилцаж ойлголцолгүйгээр харилцан бие биенийхээ эсрэг мэдээлэл хийхгүй байхад л анхаарахыг хүссэн гэнэ билээ шүү.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна