Бие бие рүүгээ мэдэгдэл шидэж, зарим нэгнийхээ туслах, хамгаалагчийг нь баривчлан хагаралдаж байгаа Ардчилсан намынхан өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт Их Тэнгэрт хуралдан дотоод асуудлаа шийдсэн гэж буй. Хэдийгээр намынхан нь нэгэн дуугаар бидэнд томоохон хагарал байхгүй гэж мэдэгдэж байгаа ч Н.Алтанхуягийн мэдэгдэл, Х.Баттулгыг тойрсон удаа дараагийн шуугианаас үүдээд олон нийт АН-д дажин дэгдсэн гэж харж буй. Өчигдөр л гэхэд УИХ-ын гишүүн хоёр туслахыг 09:00 цагт баривчлан, Баянгол ресторанд тусгайгийнхан дайран орж нэгжлэг хийснээс үүдээд АН-ынхны зүгээс ямар “утаа” гарахыг олон нийт анхааралтай ажиглаж байна. Өчигдрийн баривчилгааны дараа 21:00 цагт АН-ын бүлэг шуурхай хуралдсан бөгөөд учир зүйгээ олоогүй бололтой Х.Баттулга хуралдааныг орхин гарсан гэсэн мэдээлэл байна. Тэрээр “С.Баярцогт оо, хоёулаа намаасаа гараад бие дааж нэр дэвшие. АН-тай АН-гүй чи бид хоёр бие даахад дахиад л сонгогдоно” гэж хэлсэн гэх мэдээлэл байна. Тэгвэл өнөөдөр мөн УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан зарлагдсан гэсэн мэдээлэл байсан ч хойшлогдоод байна.
Албан ёсоор бол АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо дөрөвдүгээр сарын 16-нд хуралдах юм. Сонгуулийн жил учир Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар намынхаа мөрийн хөтөлбөрийг хэлэлцэх ёстой. Гэвч өмнө нь намд үүсээд байгаа байдлаа ярилцах болж таарч байх шиг.
Түүнээс гадна Х.Баттулга Засгийн газрын дарван сайдаа татаж авна гэсэн мэдээлэл гараад байна. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг
-Цагдаагийн ерөнхий газрын томилгоог Ерөнхий сайд өөрөө хийдэг. Гэтэл томилсон хүмүүс нь эргээд Ерөнхий сайдын удирдлагад орохоо больчихсон юм шиг байгаа юм. Бидэнд цагдаагийн байгууллагын асуудлыг анхаарна гэж хэлдэг атал шийдэгдэхгүй байсаар хэдэн сарын нүүр үзлээ. Энэ хооронд маш олон баривчилгаа явагдлаа. Тэр битгий хэл эмэгтэйчүүд рүү хандсан баривчилгаа ч нэмэгдэж байна. Тиймээс Ерөнхий сайд цагдаагийн хууль бус үйл ажиллагааг зогсоохгүй бол бид дөрвөн сайдаа татаж Засгийн газраа унагаах чиглэл рүү явж таарах юм шиг байна гэж хэлснээс үзэхэд Х.Баттулгыг тойрсон асуудал Засгийн газрын дэнжигнүүлэхдээ ч тулж магадгүй болоод байгаа бололтой.
А.Ану
Сэтгэгдэл байхгүй байна