• Эхлэл
  • 2 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

2 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ

2016/04/12

Өнгөрөгч өвөл Монгол оронд цаг агаарын байдал хүндэрч, нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байсан бөгөөд энэ оны нэгдүгээр сард 20 аймгийн 170 сум зуд, зудархуу байдалтай байсан бол гуравдугаар сар гэхэд дахин 113 сум зудархуу байдалтай болж нэмэгдсэн байна.

Зузаан цасан бүрхүүл тогтож, агаарын хэм эрс буурсны улмаас хорогдсон малын тоо энэ оны гуравдугаар сарын сүүлийн байдлаар 669.0 мянгад хүрээд байгаа бөгөөд өвөлдөө доройтсон мал хаврын улиралд олноор хорогдох аюултай тул малын нийт хорогдол 1.2 саяд хүрэх эрсдэл байгааг өмнөх жилүүдийн туршлага дээр тулгуурлан холбогдох байгууллагуудын зүгээс анхааруулж байгаа ажээ. Мөн одоогийн байдлаар зудад нэрвэгдсэн сумдын тоо багасч байгаа хэдий ч өвөлжилтийн хүндрэлтэй нөхцөлд нэрвэгдсэн малчин өрх, алслагдсан сумдын ард иргэдийн нөхцөл байдал хүнд хэвээр байгаа юм.

НҮБ-ын судалгаагаар зуданд өртсөн нийт малчдын 41 хувь буюу 225.0 мянган иргэн, түүний дотор 5 хүртэлх насны 28.0 мянган хүүхэд энэ өвлийн хүндрэлийн үр дагаврын нөлөөлөлд шууд өртөөд байгаа бөгөөд зудын гамшигт өртсөн хамгийн эмзэг өрхүүдэд нэн даруй тусламж үзүүлэх шаардлагатай байна.

Дээрх үүсээд буй нөхцөл байдлын улмаас Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, Сангийн сайд Б.Болор Азийн хөгжлийн банкинд хүсэлт тавьсны дагуу тус банк нь өөрийн Ази, Номхон далайн гамшгийн сангаас зудын гамшгийн хор уршгийг багасгах, зудад нэрвэгдсэн малчин өрхүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Монгол Улсад үзүүлэхээр болсон бөгөөд энэхүү буцалтгүй тусламжийн гэрээнд Сангийн сайд Б.Болор, Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр нар гарын үсэг зурлаа.

Азийн хөгжлийн банкнаас үзүүлэх энэхүү буцалтгүй тусламжийн хөрөнгөөр зудын гамшигт хамгийн их өртсөн Архангай, Баяхонгор, Дундговь, Завхан, Сүхбаатар, Төв, Увс зэрэг аймгуудын хүнд нөхцөлд байгаа малчин өрхүүдэд нэн яаралтай мөнгөн тусламж үзүүлэх, хоол хүнс, малын өвс тэжээл, эм бэлдмэл, түлш зэрэг шаардлагатай зүйлсийг хүргэх, мөн тэдгээр аймгуудад эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шурхай үзүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор түргэн тусламжийн авто машин олгох зэрэгт зарцуулахаар төлөвлөж байгаа юм.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин