• Эхлэл
  • Ц.Нямдорж:АТГ-ын дараагийн даргаа хурдан томил

Ц.Нямдорж:АТГ-ын дараагийн даргаа хурдан томил

2016/04/13

АТГ-ын дарга Н.Ганболд ажлаас чөлөөлөх хүсэлтээ гаргажээ гэсэн мэдээлэл өчигдөр тархсан ч АТГ-ынхан ч өөрсдөө энэ талаар мэдээгүй гэлцэж байсан. Уг нь Н.Ганболд тус газрын даргаар 2011 онд томилогдсон бүрэн эрхийг хугацаа зургаан жил. Гэтэл бүрэн эрхийн хугацаа дуусахаас нэг жилийн өмнө гэнэт өөрийн хүсэлтээр ажлаа өгөх гэж байна гэхэд гайхах хүмүүс гарч ирж байгаа юм. Тэр тусмаа хувийн шалтгаанаар ажлаа өгч байгаа бөгөөд удахгүй 60 нас хүрэх учраас тэтгэврээ тогтоолгох гэж байгаа гэсэн тайлбар дагуулсан ч гайхалтай санагдахаар байсан.

Тэгвэл асуудал нэлээд эртнээс яригдсан бололтой өчигдөрхөн өргөдлөө гаргасан гэх Н.Ганболдын асуудлыг өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, ишүүдийн 69.2 хувийн саналаар дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Хуулиараа АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ томилдог юм.

Н.Ганболд өөрийн хүсэлтийн талаар

-Ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан нь эрүүл мэнддээ анхаарах шаардлага гарсантай холбоотой. Албан тушаалын наймаа байхгүй. Тэтгэврийн насанд хүрч байгаа учраас хууль тогтоомжийн дагуу тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байгаа гэж тайлбарласан байна.

Сонирхолтой нь саналаа хэлсэн УИХ-ын гишүүд Н.Ганболдыг чөлөөлөх эсэх тухай санал зөрөлдсөнгүй. Харин орных нь хүнийг яаралтай томилох талаар сануулж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Дараагийн хүнээ хурдан оруулж ир, товлосон хүн байгаа бол. Болж өгвөл өнөөдөр оруулаад ирвэл, маргааш чуулганаар чөлөөлөх, томилохоо давхар шийдчихмээр байна, Ерөнхийлөгчтэй ярилцаж үзээч.  

Авлигатай тэмцэх амаргүй. Эхний дарга нь амиа алдсан, хоёр дахь дарга нь хөөгдөж туугдсаар хугацаанаасаа өмнө чөлөөлөгдсөн. Гурав дахь дарга нь хугацаанаасаа өмнө мөн чөлөөлөгдөхөөр болж байна. Олигархуудын тэмцэл одоо үхэх сэхээ үзэх дээр явж байна. Даварсан олигарх нь төрийн дээр, хуулийн дээр гарч хэвтэх үү, төр тогтох уу гэдэг юмны өмнө ирлээ. Сүүлийн хоёр, гурав хоногт юу болов. Улстөрчид яагаад тийм зүйл рүү гүйгээд байгаа юм. Эрх мэдлээ ашиглаж дайрч байгаа явдал хуулийнхныг тэсэхийн аргагүй болгож байгаа шүү.

Шинээр томуулах хүн нь тохьтой томоотой хүн байхад анхаармаар байна. Хуулийн байгууллагын толгойд онгироо хүн тавьчихаар систем нь дагаад савчихдаг юм. Хуулийг 1000 сайжруулаад улстөрийн толгойд овлигогүй этгээд гарах юм бол 1000-н сайхан хууль байгаад нэмэргүй. Хүнээ оруулж ирэхэд анхаар гэж “аминчлан” захив.

Тэгэхээр магадгүй АТГ даргын чөлөөлөлт, дараагийн даргын томилгоо эртнээс бэлтгэгдсэн бөгөөд тун шуурхай шийдэгдэх бололтой. Үүндээ зэрэгцээд АТГ бие даасан байгууллагын онцгой статустай боловч УИХ дан өөрийн дэргэдийн байгууллага болгох сонирхолтой байгаа гэсэн яриа хэдийнэ дэгдээд байна. Учир нь АТГ-ын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог. Харин удахгүй тус газрын дарга, дэд даргыг УИХ томилдог болохоор хуулийн төсөл бэлтгэчихсэн удахгүй хэлэлцэх гэж байгаа. Тийм учраас Н.Ганболд гэнэт ийнхүү өргөдлөө өгсөн гэсэн яриа гараад байна. 

АТГ-ын дараагийн даргын талаар ч "шум" хэдийнэ гараад байна. Үүнд одоо Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа Б.Хурцыг Н.Ганболдын оронд томилж, Н.Ганболдыг аль нэг улсад Элчин сайдаар "илгээнэ" гэсэн яриа гарчээ. Элчин сайдын томилгоог ч хэн нэгнийг дэвшүүлэн зайлуулах, эсвэл шагнан "амраах" "журмаар" томилдог гэсэн яриа байдаг. Тийм болохоор оргүй ч байж болох ч Н.Ганболд тэтгэвэртээ гарна гэж өөрөө тайлбарласан талаар дээр өгүүлсэн. 

Б.Хурцын хувьд өмнө АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан. Өмнө нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан Д.Энхбат хэмээх хүнийг Францаас "хулгайлан" авчирсан дуулианд холбогдож байсан. 2000-2002 онд ТЕГ-ын ажилтан, 2002-2004 онд Монгол Улсаас БНУУ-д суугаа ЭСЯ-ны1 нарийн бичгийн дарга, 2004- 2005 онд Монгол Улсаас Турк улсад суугаа ЭСЯ-ны 1 нарийн бичгийн дарга, 2005-2006 онд ТЕГ-т СТГ-ын дарга, 2006-2009 “МИАТ” ХК-ийн Сөүл хот дахь Ерөнхий төлөөлөгч, 2009-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албаны дарга, 2010.11-2011.09 ИБУИНВУ болон ХБНГУ-ад саатуулагдаж суллагдсан, 2011 оноос АТГ-ын дэд даргаар ажиллаж байсан. 2014 оны арваннэгдүгээр сард Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байгаа. Ийн Б.Хурц АТГ-ын даргаар томилогдвол ТЕГ-ын дараагийн дарга хэн болох вэ гэсэн бас нэг асуулт гарч ирэх байх. Магадгүй аль хэдийнэ "шийдэгдсэн" байх магадлалтай.

Дашрамд саяхан АТГ-д бас нэгэн халаа, сэлгээ хийгдсэн нь Мөрдөн шалгах албаны даргаар ажиллаж байсан С.Амарбатыг прокурорын байгууллага руу шилжүүлж, оронд нь Дамдинсүрэн гэдэг хүнийг томилоод байгаа юм байна.  

А.АНУ

НЭМЭЛТ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ. 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна