• Эхлэл
  • Дараагийн дуулиант асуудал-Халх гол

Дараагийн дуулиант асуудал-Халх гол

2016/04/13

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар АТГ-ын дарга Н.Ганболдын ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг хэлэлцэн дэмжиж, нэгдсэн чуулганы хуралдаанд оруулахаар болсон /Холбоотой мэдээллийг энд дарж уншина уу/

Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ. 

Үүний дараа бас нэг анхаарал татсан асуудал болох Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай төсөл буюу Тост, Тосон бумбын нурууг төрийн тусгай хамгаалалтад авах эсэх тухай хэлэлцлээ. Өмнө нь энэ асуудлыг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн ч хойшлогдож байсан юм. Харин энэ удаагийн хуралдаанаар Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад оруулах төслийн эхний хэлэлцүүлгийг дэмжиж нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Энд мөн газар нутгийн хэмжээний тухай асуудал анхаарал татаж байсан. Албаны эх сурвалжууд нийт 820 мянган га талбайг тусгай хамгаалалтанд авах бөгөөд энэ нь хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээгээр улсдаа дөрөвт орох том нутаг дэвсгэр гэж тайлбарлаж байгаа.

Өнөөдрийн хуралдаанд танилцуулснаар бол тусгай хамгаалалтад авахад хилийн заагийг УИХ бус Засгийн газар тогтоох юм байна.

Засгийн газар 60 хоногийн дотор координатын асуудлыг баталгаажуулах ёстой. Гэхдээ 2014 онд гаргасан координатаар бол экосистемийн хувьд тэнцвэргүй байдал үүсгэх нөхцөл бүрдэнэ гэж зарим гишүүд үзэж байна. Тэгэхээр Засгийн газраас тусгай хамгаалалтад авах газар нутгийн координатыг гаргасны дараа бас асуудал яригдах бололтой. Дашрамд Тост Тосон Бумбын нурууг тусгай хамгаалалтад авах саналыг гаргаж ажиллаж байсан байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл өнгөрсөн жил амь насаа алдсан. Харин тусгай хамгаалалтад авах хуулийн төслийг хэлэлцэж эхэлснээр байгаль хамгаалагч залуугийн амиараа хамгаалсан асуудал нь амжилтад хүрч эхэллээ гэгдэж байгаа байсан. Гэхдээ Засгийн газраас координатыг тогтоосны дараа асуудал илүү нухацтай яригдах болов уу.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн дараагийн нэг асуудал нь мөн л дуулиан дэгдээсэн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай тогтоолын төсөл. Мөн л иргэний нийгмийн байгууллагын эсэргүүцэлтэй тулгарсан 2015 оны долдугаар сарын 9-ны өдрийн тогтоолд чөлөөт бүсийн газрын хэмжээг 500 мянган га-гаар тогтоож, хилийн цэсийг хавсралтаар баталсан. Үүнийг 500 мянган га газарт Чөлөөт бүсийн хуулиар онцгой дэглэм тогтоох боломжгүй, харин органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хөдөө аж ахуйн бүс болгох ёстой гэсэн санал гаргаад байгаа юм.

Тогтоолын төсөл батлагдсанаар Дорнод аймгийн Халхгол сумын иргэд болон тус сумын нутагт газар эзэмших зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд Газрын тухай хуулийн дагуу нутагтаа газар өмчлөх, эзэмших, чөлөөтэй зорчих үндсэн эрх нь хязгаарлагдахгүй гэж төсөл санаачлагчид тайлбарлаж байгаа юм. Ингээд Халх голд онцгой дэглэмтэй чөлөөт бүс бус хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж байнгын хорооноос дэмжин УИХ-ын нэгдсэн чуулганд танилцуулахаар боллоо.

А.Туяа

Холбоотой мэдээллийг энд дарж уншина уу


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна